Дэлхийн оюутан залуучуудын их наадам зохион байгуулах асуудлаар уулзалт болов
2018.09.06

Дэлхийн оюутан залуучуудын их наадам зохион байгуулах асуудлаар уулзалт болов

Монгол Улс 2020 онд Дэлхийн оюутан залуучуудын их наадмыг зохион байгуулах гэж байгаа билээ. Эх дэлхийн өнцөг булан бүрээс цуглах оюутан залуус Азийн цээжинд орших Монгол Улсад хуран чуулж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорих болсон нь манай улсын хувьд нэр төртэй үйл явдал юм. Зохион байгуулагч орны хувьд их наадмыг угтсан чамгүй олон ажил өрнүүлэх бөгөөд ажлын төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна.

Уг их наадмын бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргалыг хүлээн авч уулзлаа. Их наадам зохион байгуулах ажлын хүрээнд хөрөнгө, санхүү болон зохион байгуулалтын олон ажил төлөвлөгдөн эхнээсээ хийгдэж байгаа юм байна. Мөн энэ он болон ирэх жилүүдэд улсын төсөвт суух хөрөнгөний асуудлаа шийдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн аж. Учир нь, цаг алдаж, алгуурлалгүй амжуулах цөөнгүй ажил байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх дуулгалаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Их наадам зохион байгуулахад шаардагдах хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын төсвөөс шаардлагатай бүх хөрөнгийг шийдэж энэ наадмыг зохион байгуулах учир та бүхэн ирэх оны төсөвт тусгах асуудлаа жагсаан оруулах нь зүйтэй. Мөн үүнээс гадна урилга хүргүүлэхээс эхлээс цөөнгүй ажил бий. Аливаа зүйлийг жижиг гэж бодолгүй маш нарийн авч үзэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

Наадам зохион байгуулах ордон нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн томоохон цогцолбор байхаар тооцож уг ордныг барих төсөл боловсруулсан бөгөөд спортын наадам зохион байгуулахад шаардлагатай төсвөө бүрдүүлэхдээ дан ганц улсаас дэмжлэг аваад зогсохгүй, хувийн хэвшлийнхний дэмжлэгийг авч байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал хэлсэн юм. Үүнээс гадна тун удахгүй хойд хөршид болох уулзалтаар зарим асуудлыг тодорхой болгон, их наадамд бэлдэх ажлаа эрчимжүүлэхээр боллоо.