Энэ үеэр шинэхэн цэцэрлэгийн эрхлэгч С.Ариунбаяраас сэтгэгдлийг нь сонслоо. “Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын магистр цолтой, тэргүүлэх зэрэгтэй. Багшаар 13, аргазүйчээр 11 дэх жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч болсон эхний жилдээ ийм том, бас шинэ сайхан цэцэрлэгт ажиллах болсондоо маш их баяртай байна. Шинэ ажил эхлэх амаргүй ч хамт олны шаргуу хөдөлмөр, эцэг эхчүүдийн урам өгсөн дэмжлэгтэйгээр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж чадлаа. Баянзүрх дүүргийн 5,14 дүгээр хорооны хамран сургах тойргуудыг хамаарч цахим бүртгэлээрээ 360 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байна. Цэцэрлэгүүд шинээр баригдаж байгаа хэдий ч одоогоор хүртээмж муутай хэвээрээ байгаа нь харагдаж байна. Тус дүүргийн 14 дүгээр хороо цэцэрлэггүй учраас хүүхдээ манай цэцэрлэгт оруулах хүсэлт их ирж байна. Ерөнхийдөө ачаалал ихтэйгээр ажлаа эхэлж байна” гэсэн юм.
-Энэ жил 38 цэцэрлэг баригдахаас 19 нь оноос өмнө бусад нь он дамжиж ашиглалтад орохоор байгаа. Эдгээрээс өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж байгаа дөрвөн цэцэрлэг байна. 146 дугаар цэцэрлэгийн барилгыг чанарын шаардлага хангахгүйн үүднээс буулгаж дахин барьсан. Буулгахад шаардагдах хөрөнгө нийслэлийн төсвөөс гарсан. Энэ цэцэрлэгийн хувьд мөн л нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, чанарын хувьд маш сайн барилга баригдсан, хүүхдийн орчин их сайжирсан гэж үзэж байна. Улсын комиссын акт баталгаажаагүй гэсэн асуудал байсан. Одоо бол комиссын акт нь баталгаажаад хүлээж авсан.
-Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Таныг эцэг эхчүүд, хүүхдүүд бүчсэнийг хараад шинэ цэцэрлэгийн нээлтийн чухал зочин нь болов уу гэж бодлоо?
-Аливаа улс орны хөгжил иргэдийнхээ боловсролоос ихээхэн шалтгаалдаг. Сайн суралцахаас гадна сайн хүн болж төлөвшихөд цэцэрлэгийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хүмүүжил, хүүхдийн сурч хүмүүжих эрүүл, аюулгүй орчинг анхаарч ажиллах нь хамгийн чухал. Энэ талаар хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдтэй яриа өрнүүлэн санал бодлыг нь сонсож байна. Би Баянзүрх дүүргийн 4, 5,15 дүгээр хорооноос сонгогдсон гишүүний хувьд гурван цэцэрлэг, хоёр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Эхлээд “Шавь” цогцолбороор орлоо. Манай тавдугаар хороо дүүрэгтээ төдийгүй улсдаа хамгийн их хүүхэдтэй хороо. Гэтэл ганцхан сургуультай, өргөтгөлөө бариулж чадалгүй олон жилийн нүүр үзсэн. Энэ жил л өргөтгөлийн төсвийг нь улсын төсөвт тусгуулж батлууллаа. Ингэснээр 640 хүүхдийн өргөтгөлийн баригдаж эхэллээ.
Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 97 дугаар сургуулийн өргөтгөлөөр 10 анги шинээр нэмэгдэхээр ид дундаа ажиллаж байна. Аливаа зүйлийг санал санаачилга гаргаад сэтгэл гаргаад ажиллах нь хамгийн чухал байдаг. Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон Баярмөнх бид хоёр сонгогдсоноосоо хойш ажлаа сайтар уялдуулж иргэдийнхээ саналыг сонсож ажилласны дүнд нийслэлийн төсөвт тус цэцэрлэгийн төсвийг тусгуулж батлуулж, тендерт сайн компани шалгарснаар богино хугацаанд чанар сайтай баригдаж эдүгээ нээлтээ хийж байна. Энэ цэцэрлэг маань дүүрэгтээ төдийгүй улсдаа томд тооцогдоно. Байгуулагдаад 52 жил болсон энэ цэцэрлэгийн байр ашиглагдах боломжгүй болж “Жинсийн орой” гэдэг компани хавар шаваа тавьж өнөөдөр чанарын өндөр үнэлгээтэйгээр ашиглалтад өгч өнөөдөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж байна.
-Шатар бол хүүхдийн бага насны хүмүүжил төлөвшилд онцгой ач холбогдолтой спорт. Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр би гурван цэцэрлэгт “Ногоон бэрс” клубээ нээж шатаруудаа, ширээ сандалтай нь бэлэглэж байгаа. “Ногоон бэрс” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг сургуулиудад клубээ байгуулахаас гадна 2000 гаруй өрхөд шатар бэлэглэж, шатрын тэмцээнийг хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын дунд хавар, намарт тогтмол зохион байгуулдаг. Оюуны спортын олимп болсон шатрын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Цаашид ч энэ ажлынхаа цар хүрээг өргөжүүлж ажиллах болно.
Эх сурвалж: