Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинээр барих барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих шийдвэрийг 2017 онд Засгийн газраас гаргаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ажил үе шаттай хийгдэж өнөөдөр эцэслэн шийдэгдлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцлөөр 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дөрөвдүгээр ангиллын хоёр эгнээтэй тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барихаар шийдвэрлэв. Барилгын ажлын улирал богино учир таван гүйцэтгэгчээр 204,6 км автозамын барилгын ажлыг хуваан гүйцэтгүүлэх болов.
Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй хэдий ч бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй авто зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.