Б.Батзориг Бельгийн вант улсад айлчлав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бельгийн Вант Улсад 2018 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд айлчлав.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Европын комисс хамтран 2018 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулсан “Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтад оролцох, Бельгийн Вант Улсын Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай уулзаж, Монгол, Бельгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцах зэрэг нь энэ айлчлалын үндсэн зорилго байсан болно.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
“Бог малын мялзангүй дэлхийн төлөөх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдэвт чуулга уулзалтын үндсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн бодлого болон зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулж, Монгол Улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох зорилтын хүрээнд мал эмнэлгийн албыг бэхжүүлэх, монгол малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах, орон нутгийн мал эмнэлгийн лабораторуудыг сайжруулах, боловсон хүчнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр гишүүн улс орнуудтай үр өгөөжтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
Чуулга уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал ноён Хосе Грациано да Силва, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал хатагтай Моник Элуа нартай тус тус уулзан, эдгээр олон улсын байгууллагаас Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, УИХ-аас “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” зэрэг хуулийг батлан энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа болон Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, Монгол Улсын Малын ерөнхий эмчийг томилон ажиллуулж эхэлсэн зэргийг мэдэгдэн, мал аж ахуйн салбарт нэмэгдсэн өртөг шингэсэн экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтын хүрээнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр техникийн хамтын ажиллагааг цаашид өргөн хөгжүүлэхээр тогтов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Бельгийн Вант Улсын Хөдөө аж ахуйн сайд Дөни Дюкармтай уулзаж, нөхөрсөгөөр ярилцав. Уламжлалт найрсаг харилцаатай Бельгийн Вант Улстай Монгол Улс олон салбарт хамтран ажиллах сонрхолтой байдгийг Б.Батзориг сайд илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарт тодорхой хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх саналууд тавив. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын европ стандартчлалыг Монгол Улсад нутагшуулах, үүнд нийцсэн монгол бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, үүний тулд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бельгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, малын махыг өндөр технологиор хамтран бэлтгэн дэлхийн зах зээлд гаргах, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчинг бэлтгэх, туршлага судлах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах санал тавьсныг Бельгийн Хөдөө аж ахуйн сайд ноён Дөни Дюкарм дэмжиж, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ойрын хугацаанд хоёр талын ажлын хэсгийн хамтарсан хуралдаан зохион байгуулж, төсөл хөтөлбөрийг тодорхой ярилцах санал тавив. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүн амыг чанартай эрүүл хүнсээр хангах зорилтын хүрээнд хийсэн энэ айлчлал амжилттай үр дүнтэй болж өндөрлөв.