Сайд Х.Баттулга нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав
2011.05.03

Сайд Х.Баттулга нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга өчигдөр нийслэлд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Түүний хамгийн эхэнд очиж ажил, үйлчилгээтэй нь танилцсан газар "Өнөр горхи" ус дулаан дамжуулах төв байв. Энэ төв нь 1985 онд анх байгуулагдаж байжээ. Түүнээс хойш 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн айл өрхүүдэд ус, дулаан түгээж буй гэнэ. "Өнөр горхи" төвийг онцолж сайшаахын учир нь нийслэлд байх ганцхан ус цэвэршүүлэн нийтэд хүргэдэг төхөөрөмжтэй байгууллага нь эднийх юм байна. Энэ төхөөрөмжөө ч стандартын дагуу хоёр жилийн хугацаанд шинэчлэн тавьдаг ажээ. Хүйтэн усны шугаман дээр энэхүү зэв арилгагч буюу "Scale buzer"  гэх төхөөрөмжийг суурилуулснаар тухайн бүсийн 2000 өрх цэвэршүүлсэн усыг шууд крантнаасаа уух боломж бүрдсэн гэнэ. Түүнээс гадна 2009 онд Солонгосын буцалтгүй тусламжаар орчин үеийн усан хангамжийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр цахилгаан хэмнэх, бусад ус, дулаан дамжуулах төвийг хянах бололцоотой болсон гэнэ. Энэ байгууллагын үйл ажиллагаатай Х.Баттулга сайд танилцсаны дараа хэлэхдээ "Ус дулаан дамжуулах байгууллагуудыг бүгдийг нь дээрхийн ижил болгох бололцоо байна. Гагцхүү ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн удирдлагууд "Өнөр горхи"-ийн үйл ажиллагаанаас туршлага судалж багахан хэмжээний зүтгэл гаргахад л болно. Үүнийг нь төрөөс дэмжих шаардлагатай" гэж байв.

 

Мөн Барилгын хийц бүтцийн сорил шинжилгээний төв лабораторийн барилгын ажлын явцтай танилцав. Уг лабораторийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, ямар технологи ашиглавал газар хөдлөлтөд барилга тэсвэртэй байдгийг судалж мэдэхээр босгож буй юм байна. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй сайн чанарын эд материалаар босгож буй гэнэ. Энэ байгууламж ашиглалтад орсноор барилгын элементийг газар хөдлөлтийн үед ямар байхыг турших бүрэн боломж нээгдэх гэнэ. Нийт гурван тэрбум төгрөгөөр босож буй таван давхар энэхүү байгууламжийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Үүний дараа ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Энгельсийн гүүрний ажилтай танилцлаа. Гүүрийг барих ажил ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм байна. Японоос тоног төхөөрөмж, эд материалыг бүрэн татаж оруулж ирээд байгаа гэнэ. Ажлын явц ч сайн, одоогийн байдлаар гүүрний дам нурууг угсрах ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэхдээ зарим нэг саад бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Энэ нь гүүрийг тавих бүсэд хувийн эзэмшлийн газар байдаг бөгөөд түүнийгээ иргэд чөлөөлж өгөхгүй байгаа асуудал аж. Уг нь өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөнөөс миллиард орчим төгрөг гарган газрыг чөлөөлөх ажлыг хийжээ. Гэсэн ч "Өгөөмж архад" гэх мэт байгууллагууд газраа чөлөөлж өгөхгүй гүүрний барилгын ажилд саад болсоор байгаа юм байна. Түүнээс гадна өөр нэг бэрхшээл нь инженерийн шугам сүлжээ, зарим кабелиуд. Асуудлыг шийдэхээр өнгөрсөн жил нийслэлээс мөн л хөрөнгө мөнгө зарлагадсан ч одоог болтол тухайн байгууллагууд нь шугам сүлжээ, кабелиа авч, газрыг чөлөөлөхгүй байгаа юм байна.

 

Тиймд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна гэдгийг төслийг удирдагчид хэлж байв. Х.Баттулга сайд хэлэхдээ "Манайханд байдаг хамгийн муу суртал энд харагдаж байна. Газраа чөлөөлсний хөлсийг улсаас авчхаад ийм байдал гаргаж болохгүй, Хотын өнгө үзэмж хийгээд түгжрэлийг багасгахын тулд ийм том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байхад газраа чөлөөлөөд л өгчих хэрэгтэй юм. Тиймд энэ асуудлыг холбогдох хүмүүстэй нь ярилцаж хурдан шийдвэрлэх хэрэгтэй болжээ" гэж байв. Мөн энэ өдөр "Наран" их дэлгүүрийн урд баригдаж буй есөн давхар барилгын ажилтай танилцлаа. Энд уг барилгыг барьж эхлэхээс өмнө 16 айлын 1950-иад онд баригдсан байшин байжээ. Ашиглалтын хугацаа нь ч аль хэдийнэ дуусаж нурж унахад бэлэн болоод байсан гэнэ. Түүнээс гадна өвгөнтийн гэх тодотголтой орон гэргүйчүүд үүрлэн хүн амьдрахын эцэсгүй болсон байжээ. Иймд "Чоно" группийнхэн барилгын эзэмшигчидтэй ярилцаж оронд нь есөн давхар байшин барихаар болсон юм байна. Тэгээд оршин суугчдын байрных нь үнэлгээний асуудлыг мөнгө болон орон сууц авч өгснөөр шийдсэн гэнэ. Ингэхдээ төрөөс ямар ч туслалцаа авалгүй бүгдийг өөр хоорондын тохиролцоогоор хийжээ. Иймд энэ ажил, тухайн шийдвэр ямар их нүдээ олсон ажил болсныг сайд сайшааж байлаа. Тэрбээр цааш хэлэхдээ "Манай нийслэлд нурж унах дөхсөн барилга маш их байдаг. Тэгэхээр манайхан энэ мэт сайшаалтай ажлын үр дүнг харж, цаашид арга туршлагыг нь судалж ажиллах хэрэгтэй. Мөн төрөөс энэ төрлийн бодлого баримтлах ёстой юм" гэдгийг онцлов.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.