Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх сургалт зохион байгуулав
2018.09.18

Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх сургалт зохион байгуулав

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэхдээ энэ эрх нь хэрхэн баталгаажиж хангагдаж байгаа билээ гэдэг зүйл асуулт дагуулсан хэвээр байна. Тэгвэл хүүхдийн эрхийг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах тодорхой бодлоготой боллоо. Өөрөөр хэлбэл, ЕБС-ууд Хүүхэд хамгааллын бодлоготой болж, удирдах ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтаар хүүхэд хамгаалах чиглэлийн олон асуудлыг хөндөн ярилцаж, хэрхэн аюулгүй орчин бий болгох, бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн эрх хохирсон, хүчирхийлэлд өртсөн гэдгийг ямар түвшинд авч үзэх вэ гэдэг хамгийн чухал юм. Үүний эсрэг хэрхэн ажиллах, хамгаалах вэ гэдэг эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш, нийгмийн ажилтан та биднээс асар өндөр сонор сэрэмж шаардсан ажил. Тиймээс бүх хүүхдийг нь ерөнхийд нь авч үзэлгүй анги даасан багш нар маань маш сайн судалгаа явулж, тухайн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг олж харах нь чухал. Сүүлийн үед багш нар авьяастай, олимпиадад оролцдог хүүхдүүдтэйгээ түлхүү ажилладаг болчихсон байна. Ингэхээр олонхи хүүхэд хаягдаж байгаа хэрэг. Энэ байдлыг зогсоож бүх хүүхдүүдэд ижил тэгш байдлаар хандан, зөв, мэдлэг боловсролтой иргэн болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Үүнд онцгойлон анхаарна. Цаашид хүүхэд хамгааллын асуудлаар ямар сайн туршлага, сургалт болох энэ бүхэнд яам анхаарч, багш нараа сургах болно. Захирал, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг дээшилж, арга барил өөрчлөгдсөнөөр хүүхэдтэй ажиллах арга зүй шинэчлэгдэх юм” гэж онцлоод сургалтанд амжилт хүслээ.

Ерөнхийдөө гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь сүүлийн үед нэмэгдэж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд бүрийг сургууль, дотуур байрын орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нийгмийн хүлээлт үүссэн. Тэгвэл өнөөдөр хүүхэд хамгааллын бодлого гарч, хэрэгжихээр болоод байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”-ыг боловсруулж, батлуулжээ. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх, арга зүйгээр хангах сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУБ, ЦЕГ, Замын цагдаагийн алба, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудын хамтын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт захирал, нийгмийн ажилтан, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнээс бүрдсэн 550 гаруй төлөөлөгч оролцож байна.