Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлт боллоо
Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг нээх ёслол боллоо. 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлт зэрэг спортоор хичээллэх, өрсөлдөх боломжтой талбайг Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар барьж, байгуулсан байна.
Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн хөнгөн атлетикийн зам, талбайг барьж, байгуулахад 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид спортын цогцолбор болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Өнөөдөр болсон энэхүү зам, талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, анхны стандарт талбайд зохион байгуулагдсан гүйлтийн тэмцээнийг үзэж сонирхсон юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны нээлтийн үеэр 2020 оны Ази тивийн хүүхдийн спортын наадмыг манай улс зохион байгуулахад энэхүү зам, талбай нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдлаа.
Түүнчлэн “…68 жилийн дараа 68 жилийн түүхтэй манай улсын хөнгөн атлетикийн холбоо анхны стандартад нийцсэн, 22 төрлийн спортын уралдаан зохион байгуулах боломжтой талбайтай болж байгаад баяр хүргэе. Хөнгөн атлетикийн спортоор бид 1960-аад оны эхээр олимпд оролцож байсан боловч түүнээс хойш тодорхой амжилт гаргаагүй. Энэ нь тамирчдад байх ёстой стандарт хэрэглэлүүд дутагдалтай байсантай нэг талаараа холбоотой. Харин өнөөдрөөс эхлэн энэхүү талбай дээр цугласан олон өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчид урам авч, амжилт гаргах байх гэж найдаж байна. 2020 онд буюу хоёрхон жилийн дараа Монгол Улс Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна. Тэр тэмцээний бас нэг бэлтгэл ажил нь энэхүү хөнгөн атлетикийн талбай юм. 2020 онд болох тэрхүү наадмаас монгол тамирчид хөнгөн атлетикийн төрлөөр олон медаль аваасай гэж хүсэх байна” гэж нээлтийн үеэр хэлээд, өнөөдөр хурд хүчээ сорьж буй өсвөрийн тамирчдад амжилт хүсэв.
Найман зам бүхий 400 метр урт гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлеткийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.