Хариуцлагагүй гишүүдийг “хазаарлах” намрын чуулган дөхлөө
Удахгүй нээлтээ хийх УИХ-ын намрын чуулган хуралдаанаа тасалдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг гишүүдэд халгаатай байх нь дамжиггүй.
Энэ нь өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилгаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөрсгөсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэгдсэн хуралдаан тасалсан гишүүдийн өдрийн цалинг хасч, хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй зүйл яривал үг хэлэх хугацааг дуусгавар болгох нь дэгийн хуулийн өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь. Бүр тодруулбал, хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхний ээлжид сануулна.
Сануулгыг биелүүлээгүй бол үг хэлэх хугацааг дуусгавар болгох буюу микрофоныг нь хаах эрх УИХ-ын даргад бий. Үндсэндээ өмнөх парламентын дарга, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын өөрт нь таалагдахгүй үг хэлсэн гишүүдийн микрофоныг нь хаадаг жишиг энэ удаа хуулийн хүрээнд үйлчлэх юм уу даа. Гэхдээ энэ удаа УИХ-ын даргын таалалд нийцэх эсэх биш асуудалтай холбогдолгүй зүйл ярьж, цаг үрдэг байдлыг арилгах эерэг талтай.
Ингэснээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй эрхээ эдэлж, олон нийтэд таалагдахын тулд олдсон цагтаа юу ч хамаагүй бурдаг гишүүдийн боломж нь хязгаарлагдах юм.
Шинэ дэгээр гишүүдийн хэлэх үг нь хэлэлцэж буй асуудлаар ийнхүү хязгаарлагдсан бол тайлбар өгөх албан тушаалтнууд үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэг хүлээсэн.
Тодруулбал, асуултад хариулсан албан тушаалтны тайлбарыг тухайн гишүүн хангалтгүй гэж үзвэл түүний саналаар хоёр удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжтой. Үүнээс гадна дэгийн хуулиар гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх нь тэднийг сонгуулийн өмнөх жилд бүр ч илүү идэвхжүүлэх нь мэдээж. Гэхдээ хуралдаандаа байнга суудаг хэрнээ ганц ч үг цухуйлгадаггүй зарим гишүүнийг дуурайхгүй бол шүү дээ.
Хурууны хээ унших төхөөрөмжийн зардлыг ирэх оны төсөвт суулгана
Намрын чуулганаар гишүүд шинэ дэгэнд ийнхүү “хазаарлуулах” бол хаврын чуулганаар тэд бүр “чөдөрлүүлнэ”. Учир нь, дэгийн хуулийн өөрчлөлтийн амин сүнс болох гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэж, санал өгүүлэх зохицуулалт хаврын чуулганаас хэрэгжих юм. Энэ нь хурууны хээгээр санал өгөх, ирц бүртгэх төхөөрөмжийг худалдаж авах, суурилуулах зардлыг ирэх оны төсөвт суулгахтай холбоотой.
Тэгэхээр ирэх хаврын чуулганаас бусдын өмнөөс санал өгөх, ирээгүй гишүүдийн картыг уншуулж ирц бүрдүүлэх арга үгүй болно. Ингэснээр гишүүдийн хариуцлага нэмэгдэж, ажил хэрэгч болох, Байнгын хороо, Чуулганы хуралдааны үр дүн сайжирч, хууль бүр чанартай гарах үндэс болох билээ. Гэхдээ УИХ баталсан хуулиа өөрөө хэрхэн хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаална. Шинэ дэгээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй, идэвхгүй гишүүдээ “хазаарлаж”, “чөдөрлөж” чадах эсэхийг харахад 10 гаруй хоног үлдлээ.