Н.Учрал: Нийтийн сонсголоор дамжуулж төсвийн зарцуулалтад хяналт тавих нь зөв алхам болно
2018.09.26

Н.Учрал: Нийтийн сонсголоор дамжуулж төсвийн зарцуулалтад хяналт тавих нь зөв алхам болно

Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах санаачилгыг iKon.mn сайт гаргаад байгаа билээ. Энэхүү санаачилгыг залуу төрийн түшээдээс хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж буйгаа илэрхийллээ.  

Дашрамд дурдахад, Нийтийн сонсгол хийх санаачилгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд, М.Оюунчимэг нар дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. 

-Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

-НҮБ-аас жил бүр Хүний хөгжлийн илтгэл гэж гаргадаг. 2016 оны Хүний хөгжлийн илтгэлд боловсрол, хөгжил гэдэг нь хүний амьдарлын баталгааг хангахад чиглэгдэх ёстой гэсэн уриалгыг дэвшүүлж байсан. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах нь амьдралын баталгааг нь хангаж байна гэсэн үг юм. 

НҮБ-ийн Хүүхдийн сангийн санаачилгаар зохион байгуулагддаг Дэлхийн парламентчидийн форум энэ сарын 15-19-ний хооронд Шри Ланка улсын Коломбо хотод болно. Энд би Монгол Улсын парламентийг төлөөлж оролцох юм. 

Энэхүү форумын сэдэв нь evaluation буюу үнэлгээ. НҮБ-ийн Хүүхдийн сан гэхэд манай улсад жилд дунджаар таван сая ам.долларын санхүүжилт хийдэг. Энэ нь үр дүнд хүрч байна уу үгүй юу гэдгийг тэр байгууллага шинжих гэж байна. 

Манай улсын төсөвт тавигдсан мөнгөндөө ч гэсэн үнэлгээ хийх хэрэгтэй. Гэмт хэргийн гаралт ямар байгаа юм, хүүхэд хамгаалал сайжирч байна уу гэдгийг тоон үзүүлэлтээр нь хянаж үзэх ёстой

Бид тэгж үзэхгүйгээр төсөв нэмэгдүүлснээр үр дүнд хүрэх үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Төсөв мөнгө нэмэгдүүлж байгаа нь маш сайн хэрэг. Үүндээ үнэлгээ хийе.

Дэлхийн парламентчидийн форумаас нэгдсэн нэг дүгнэлт гаргаад дэлхий нийтээрээ хүүхдэд зориулж байгаа мөнгөн дээрээ үнэлгээ хийе гэж байгаа юм. Бид ч гэсэн энэ форумын зөвлөмжийг аваад өөрсдийн төсөвт тавигдсан мөнгөн дээрээ үнэлгээ хийе. Хүүхдийн төлөө зориулагдаж байгаа мөнгө үнэхээр яг хүүхдэдээ хүрч байна уу, янз бүрийн сонгон шалгаруулалт зарлахад яг холбогдох байгууллагууд нь оролцож чадаж байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй байна.  

-iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлага өрнүүлээд байгаа. Тэгэхээр таныг дээрх санаачилгыг маань дэмжиж байна үзэж болох уу? 

-Нийтийн сонсголыг би бүрэн дэмжиж байна. Бид үүнийг маш их ярих ёстой. Хүүхэд хамгааллын асуудлыг ярих ёстой бас хэрэгжүүлэх ёстой. Хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн багшийн ажил биш. Эцэг эх, боловсролын байгууллагад ажилладаг бүх хүний ажил.

Хүүхэд хамгааллын төлөө сэтгэл гаргаж ажилладаг болохын тулд маш их ярья. Тэгээд тодорхой процедур дамжаад Их хурлын түвшинд хэлэлцвэл улс даяараа энэ асуудалд анхаарна. Ингээд анхаарал тавиад эхэлбэл нөгөө зөвлөмжийн дагуу шаардлага тавиад эхэлье. Үнэхээр үр дүнд хүрсэн эсэхийг нь дараа жил хяная. Тэгээд зөв зүйлд зарцуулсан байна уу эсвэл бодлогоо өөрчлөх үү гэдгээ дүгнээд явья. 

Мөнгөний  тоо нэмэгдүүлэхдээ биш чанар нь хэр байна вэ гэдгийг дүгнэж байх хэрэгтэй байна. Тиймээс эхний ээлжинд дэмжих 19 гишүүний нэг болж гарын үсэг зураад явахад би бэлэн байна

-Нийтийн сонсголыг хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе гэж байгаа ч нөгөө талдаа төсвийн үрэлгэн байдлыг ил болгох, дүгнэлт хийх ач холбогдолтой гэж бид харж байгаа. Ингэснээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг асуудалд хяналт тавьж чадах болов уу?  

-Хүүхэд хамгааллын асуудлаар манай улс дэлхий дээр байхгүй бодлого гаргаад үнэлгээ хийгээд явах бололцоо байхгүй. Яагаад гэвэл бид гэрээ конвенцэд нэгдсэн, дээрээс нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын зөвлөмжөөр ажиллаж байж бид олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр Нийтийн сонсголоор дамжуулаад төсвийн захиран зарцуулалтад хяналт тавиад явах юм бол зөв зүйтэй алхам болно. 

Өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуульд норм норматив, стандартыг дагаж мөрдүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ жилийн төсөвт зураг төсөлгүй ажил багтахгүй. Бүгд нормоо баримтална. Үлгэрчилсэн норм, нэгжийн нормыг баримтална гэсэн үг. Энэ хуулийг хэрэгжүүлж чадвал стандартаа барьж эхэлнэ.