Эрүүл мэндийн сайд сүрьеэгийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалтад үг хэлэв
АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” сэдэвт өндөр түвшний анхдугаар уулзалт энэ сарын 26-нд боллоо.
Уг өндөр түвшний уулзалтад НҮБ-ын гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын түвшинд оролцов. Уулзалтын эхэнд төлөөлөгчид сүрьеэг устгахын төлөө дэлхийн нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэй баталлаа. Манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас сүрьеэтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгч, цаашид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.