Д.Сумъяабазар: Алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг болгохоор зорьж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, “Bloomberg TV Mongolia”хамтран өнөөдөр /2018.10.02/ анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй чиг хандлагын талаар энэ үеэр хэлэлцсэн юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэв. Мөн тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэлээ.