ЗГ: Мянганы сорилтын санг байгуулахаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёрдахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий “Монголын мянганы сорилтын сан” байгуулахаар болов. Талууд хоёрдахь Компакт гэрээ боловсруулах чиглэлээр өнгөрсөн гурван жил идэвхтэй ажилласны дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.
-Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоо, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суварга, Эрдэнэтийн зэс, молибдений орд, Бүрэнхааны фосфоритын ордын талбайн хил заагийг хавсралтаар батлав.
-Монгол Улс, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 08-09-нд Улаанбаатар хотод болно. Манай тал “Биологийн олон янз байдал”, “Ашигт малтмалын тогтвортой менежмент”, “Эрчим хүчний үр ашиг” гэсэн тэргүүлэх гурван чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
-Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагад “Үндэсний чанарын шагнал” олгож байхаар болов. Журмыг нь баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болголоо. Чанарын шагналтай болсноор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон олон нийтийн дунд чанарын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулах, бүтээгдэхүүний чанар, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг ач холбогдолтой гэж үзлээ.
-Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сайд Н.Цэрэнбат илтгэл тавьж, холбогдох шийдвэр гаргуулахаар болов.
-Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор болон Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хамгаалалтын захиргаа байгуулахаар шийдвэрлэв.
-“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоор ондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Манай улс ялтан шилжүүлэх тухай гэрээг БНХАУ, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНСУ, БНЭУ, Канад Улстай, ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг ОХУ, Турк, Польш, Куба улстай байгуулаад байна.
-БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцон шилдгээр шалгарсан Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.