"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт болж байна
2018.10.10

"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сургалт болж байна

УИХ-ын Тамгын газар, НИТХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамсургалтад  Нийслэлийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албанд ажилладаг 100 орчим эмэгтэйчүүд оролцож байгаа гэнэ.

Сургалтын агуулгыг энэ чиглэлээр өмнө нь хийгдсэн сургалтын туршлага, сургамж, оролцогчдын саналд үндэслэн “Монфемнет” ТББ шинэчлэн боловсруулсан бөгөөд  Манлайлалын загвар, ур чадвар, оролцоо, нөлөөлөл, сэдэлжүүлэлт зэрэг сэдвээр явагдаж, оролцогчдыг дасгал, танилцуулга,  бүлгийн ажилд татан оролцуулах хэлбэрээр зохион байгуулж байгаагаар онцлог ажээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус сургалтын үйл ажиллааг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:  "Хэзээнээс Монгол эмэгтэйчүүд эрчүүдийн, эр нөхрүүдийнхээ найдвартай ар тал болоод зогсохгүй гэрийн, бас төрийн үйл хэрэгт ихээхэн үүрэг оролцоотой байсан.  Дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тэртээх 13-р зууны үед буюу  Их эзэн Чингис хааны гутгаар хүү Өгөдэй хааны их хатан Дөргэнө Их монгол улсын төрийг 5 жил удирдсан бол түүний хүү Гүег хааны хатан Огул хаймаш  Их монгол төрийг засах үйл хэрэгт 2 жил зүтгэж байсан  гэдэг. Тухайн цаг үед дэлхий дахинд эмэгтэйчүүдийн байр суурь ямар хэмжээнд байсныг та бүхэн сайн мэднэ. Эндээс харахад Монголын эмэгтэйчүүд гэрийн болон төрийн үйл хэрэгт аль эртнээс оролцож, төр улсын бодлого тодорхойлох, түүнийг  хэрэгжүүлэхэд гар бие оролцдог байсан байна.

Дэлхий даяар суу  алдар нь түгсэн домог түүхт монгол эмэгтэйчүүдийн маань үргэлжлэл болсон, эмэгтэй хүний хатан ухаанаар эрчүүд бидний ажил амьдралын түшиг тулгуур болж, хазайхад нь түшиж, хальтирахад нь тулж явдаг  та бүхэндээ талархаж явдагаа  илэрхийлье. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх,   ижий ааваа асран халамжлах, эр нөхрөө хайрлан хүндэтгэх  эх хүний, эмэгтэй хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй нөр их ажлын зэрэгцээгээр дүүрэг нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэд олон нийтийг төлөөлөн ажиллах засаг төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж, мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээр бахархаж байгаагаа уламжилья. 

НИТХ, төр захиргааны байгууллагийн зүгээс хотын бүтээн байгуулалтад чиглэсэн цөөнгүй ажлыг хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр өндөр байшин барилга, өргөн цэлгэр зам харгуй тавих нь бидний зорилт мөн боловч хөгжлийг зөвхөн  үүгээр хэмжих боломжгүй.

Ямар ч тохиолдолд бид хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, мэдлэг, ёс суртахууны хүмүүжлийг материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй.

Нийслэлийн зүгээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхэнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах сэдлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах ёстой.  Энэ бүхэнд та бүхний үүрэг оролцоо нөлөөлөл чухал гэдгийг онцлон хэлэх байна. НИТХ-ын зүгээс эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох энэ чиглэлийн сургалтын үйл ажиллагааг дэмиж, нийслэл, дүүрэг, хороо бүрт эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлье" гэв.

2016 оны орон нутгийн сонгуулиар бүх шатны ИТХ-д 2100 гаруй эмэгтэй төлөөлөгчид сонгогдон ажиллаж байна  Нийслэлийн ИТХ-д  10 эмэгтэй төлөөлөгч, дүүргүүдийн ИТХ-д 82 эмэгтэй төлөөлөгчид сонгогдсон бөгөөд нийгмийн бодлого, төсөв санхүү, хууль эрх зүй, байгаль орчны асуудлаар илүүтэй мэргэшсэн, уг асуудлаарх  хороодыг удирдан манлайлан ажиллаж байгааг хурал зохион байгуулагчид дурьдаж байлаа.