Хуулийн зөрчлүүдийг арилгаж, хуулийг нэг мөр болгож цэгцлэх үүднээс ийм хуулийн төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүн Д.Дондог, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Төрийн албаны тухай хуулийн 7.1.11-д “аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал” нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахаар заасан байдаг. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох” гэж заасан байхад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.3-т “...Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь тухайн Хурлын төлөөлөгч байж болно” гэсэн зөрчилтэй заалтууд мөрдөгдсөөр байна.
Түүнчлэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга нь тухайн шатны ИТХ-ын төсвийн ерөнхийлөн захирагч, харин тухайн шатны Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Хурлын төсвийн ерөнхий менежер байх, мөн ерөнхий менежер нь “байгууллагын балансад байгаа хөрөнгийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах” бүрэн эрхтэй байхаар хуульчилж өгчээ.
Гэтэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын дарга захиран зарцуулна” гэсэн нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн заалттай зөрчилдөж байна гэж эрхэм гишүүд үзээд дээрх зөрчлүүдийг арилгаж, хуулийг нэг мөр болгож цэгцлэх үүднээс ийм хуулийн төсөл санаачилжээ. Мөн тэд хуулийн зарим зөрчилтэй асуудлыг холбогдох хуулийн заалттай нийцүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.