Эрхүүгийн Улсын их сургуулийн захирлыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн ректор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич И.В.Бычковыг хүлээн авч уулзлаа.
Энэ жил Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ноён И.В.Бычков Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг ойн арга хэмжээнд төгсөгчийн хувиар мөн салбарын сайдын хувиар оролцохыг албан ёсоор урилаа.
Энэ ялдамд Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойг Улаанбаатар хотноо мөн тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж дэмжлэг хүслээ. Салбарын сайд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ноён И.В. Быков Эрхүүгийн Улсын их сургуулийн ректороос гадна ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын даргын алба хашдаг байна.
Тус салбар 2010 он хүртэл манай Шинжлэх ухаан, технологийн сантай хамтарч эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан байна. Энэхүү уламжлалыг сэргээж, хамтарсан төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх талаар хоёр тал мөн санал солилцлоо.