1072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ?
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ДАНС НЭЭЛГЭЭРЭЙ
2018.10.17

1072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх вэ?

“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд энэ оны сүүлчээр ногдол ашиг тараана гэдгээ албаныхан мэдээлсэн.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани цэвэр ашгаараа иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад том төслүүдэд хөрөнгө оруулах боломж бүрдсэн” хэмээн онцолж байв. 1072 хувьцаа эзэмшигч хоёр сая 511 мянган иргэн, 486 аж ахуйн нэгж бий. Хэдийгээр 2.5 сая гаруй иргэн “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байгаа ч 600 мянга гаруй нь хувьцаа эзэмших эрхээ баталгаажуулаагүй байгаа талаар албаныхан дуулгаж байлаа.

“Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахын тулд брокер диллерийн компанид хандан данс нээлгэх зайлшгүй шаардлагатай.

Ингэснээр зөвхөн “Эрдэнэс тавантолгойн” ногдол ашиг авах боломж бүрдэхээс гадна хөрөнгийн зах зээл дээр тоглогч болох боломжтой хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Үнэт цаасны компанид хандан нээлгэж буй данс нь тусгай хэрэгцээнд зориулагдсан байдаг. Тухайлбал, банкинд хувь хүн өөрийн дансыг нээлгэхдээ хадгаламж, харилцах болон цалингийн зориулалтаар ашиглах боломжтой. “Ард капитал” компанийн диллер Ч.Раднаадавга “Хөрөнгийн зах зээлд оролцохын тулд тусгай хэрэгцээний данс нээлгэх шаардлагатай.

Цаашилбал зориулалт нь өөр учраас тухайн дансны мэдээллийг боловсруулах, төлбөр тооцоо бодох аргачлал нь харилцах, хадгаламж, цалингийн данснаас өөр байдаг. Хэрэв хөрөнгийн захын тоглогч хувьцаа худалдаж авах санал ирүүлэхэд дансан дахь мөнгө нь хүрэлцэх эсэхийг шалгана. Үүний тулд брокерийн компанид хандан данс нээлгэж буй иргэн, компани, банк гурвалсан гэрээ байгуулдаг. Мөн энэ дансанд байршуулсан мөнгийг хувь хүн бэлнээр гаргаж авахын тулд заавал брокерийн компанидаа мэдэгдэх учиртай” хэмээн тайлбарлав. Яагаад заавал брокерийн компанид мэдэгдэх ёстой вэ гэдэг нь Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчинтой холбоотой аж. Жишээлбэл, хувьцааны захиалга өгөх үед тухайн хүний дансан дахь үлдэгдэл хүрэлцэх хэмжээнд байна.

Гэтэл захиалга өгснийхөө дараа мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар бэлэн мөнгө гаргаад авчих эрсдэл бий. Тодруулбал, тухайн тусгай хэрэгцээний дансан дахь мөнгийг захиран зарцуулах эрх нь арилжаа явуулах процесстой холбогддог байна. Хэдийгээр 1072 хувьцааны ногдол ашиг авахын тулд данс нээлгэх хүмүүсийн сонирхол өсч байгаа ч энэ нь зөвхөн дээрх шалтгаантай уялдахгүй өөр бусад арилжаа хийх эрх үүсэх юм.

Тиймээс олон нийт нэг талыг барьж туйлшрах хэрэггүй хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал болон ахмадын тэтгэвэрт зарцуулсан нь бий. Тухайлбал, 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд хувьцаа байхгүй. Хэрэв дээрх жилүүдэд зөвхөн нэг жил сургалтын төлбөр төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх нь.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаагүй болсон гэдгийг албаныхан хэллээ. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 хувьцаатай үлдсэн юм байна. Тиймээс “Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшиж буй эсэхээ https://net.schcd.mn/registration/ цахим хуудаст хандан шалгах боломжтой. Түүнчлэн 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр өөрийн харилцдаг брокер болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээллийг авч болно. Өнгөрсөн сонгуулийн үеэр 1072 хувьцаа эзэмшигчийн зарим нь 300 мянган төгрөгөөр 322 ширхэг хувьцаагаа “төр”-д зарсан.

Гэхдээ зарим хэсэгт нь 200 мянга, 100 мянга орсон байдаг. Хэрэв та 322 ширхэг хувьцаагаа зарсан бол 750 ширхэг хувьцаатай. Харин 200 мянган төгрөг авсан бол 858 ширхэг хувьцаатай болох юм. Энэ мэтчилэн хувьцаагаа ашигласан эсэхээ шалгасны дараа брокер диллерийн компанид хандахыг зөвлөж байна.