Спорт ба хөгжил улсын IV зөвлөгөөн болж байна
2018.10.18

Спорт ба хөгжил улсын IV зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын  IV зөвлөгөөн 2018.10.18-ны өдөр Төрийн ордны их танхимд болж байна.

2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

    Зөвлөгөөний эхэнд олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслол болов. Олимпын их наадмаас монголчууд анх медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ ойд зориулан олимпын анхны медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг бүтээсэн байна.  

Мексик улсын Мехико хотноо болсон зуны олимпын XIX наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Олимпын наадмаас Монгол Улсын 28 тамирчин 29 медаль хүртээд байгаа юм.Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпын бүх алдартнууддаа мөн хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

    Үүний дараа биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөнд оролцогчдод хандан ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонсгов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.