2018.10.19
Ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн цагдаагийн газарт очин Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хамт салах ёс хийж, гэрбүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв.
Д.Батсайхан нь 1996 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллахдаа төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.