Л.Энхболд: Гашуун Сухайтын боомтод 25 сая долларын бүтээн байгуулалт хийнэ
Л.ЭНХБОЛД: ГАШУУНСУХАЙТ БООМТОД 25 САЯ ДОЛЛАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
Хар тамхитай хэрхэн тэмцэх болон хил гаалийн хяналтыг сайжруулах талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдын байр суурийг сонслоо.
–Хар тамхи, мансууруулах бодисын аюул Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байна. Үүнтэй тэмцэхэд хил гаалийн хяналт чухал ч манай улсад нөхцөл байдал сайнгүй байгааг та мэдэж байгаа байх. Тэр дундаа таны сонгогдсон тойрог онцлогтой шүү дээ?
-Хар тамхины асуудал Монгол Улсад түгшүүр зарлаад удаж байна. Ялангуяа, залуу үе тэр дундаа гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуучууд, урлаг спортынхон энэ төрлийн хэрэгт орооцолдож байгаа нь хамгийн аюултай, сэтгэл зовних ёстой асуудал юм. Тиймээс УИХ хар тамхины асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байна.
Тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд мансууруулах бодистой холбоотойгоор янз бүрийн асуудал гардаг. Нүүрс тээвэрлэж байгаа 11 мянган машин бий.Ар гэрээсээ хол, хэдэн төгрөг олж амьжиргаагаа залгуулах гэж яваа олон мянган хүн нойр, хоолгүй ажиллаж байгаа учраас сэргээш хэрэглэх тохиолдол гарч байсан. Мими гэх сэргээш бодисыг хэрэглэж байна гэсэн учраас өнгөрсөн жил Зөрчлийн хуулиар хэрэглэх, тээвэрлэх, борлуулахыг нь хориглосон.
Өмнөговиос сонгогдсон гишүүд санаачилж хуульд өөрчлөлт оруулсан. Эхний удаа торгуультай холбоотой заалт оруулж өгсөн. Цаашид даамжирч, асуудал хүндрэх юм бол эрүүгийн хариуцлага руу шилжихээс өөр аргагүй. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тоон мэдээллийг харахад сүүлийн үед тасралтгүй өсөж байгаа нь аюулын дохио юм. Тиймээс УИХ-ын түвшинд анхаарах нь зүй ёсны хэрэг.
–Тухайлбал, Гашуунсухайт боомтын тоног төхөөрөмжийн хувьд мансууруулах бодистой тэмцэх боломж, бололцоо хэр байна вэ?
-Боомтын тоног төхөөрөмж маш хангалтгүй.Боомтуудын тоног төхөөрөмж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зэлүүд газарт хэдэн төрийн албан хаагч ямар ч тоног төхөөрөмжгүй орхичхоод гар хоосон улсын хилийг хамгаал, хууль бус бараа бүтээгдэхүүнийг хяна гэж шаардлага тавих боломжгүй.
Хятад улсын буцалтгүй тусламжаар Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд лаборатори, рентген аппаратын асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Тэгэхгүй бол хар тамхи байтугай нүүрсний хулгайг хянаж чадахгүй байна. Ачаатай машиныг хоосон гэж бүртгээд гаргаж байна. Ядаж рентген аппараттай болчихвол хууль бус бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх хэмжээнд очих байх.
–Ирэх оны төсөвт гаалийн шинэчлэлийг хэрхэн тусгасан бэ?
-Сангийн яамнаас боомтуудад тодорхой төсөв тавьж өгч байна. Ирэх оны төсөвт гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг таван боомтод нэлээдгүй зарцуулахаар болсон.Тухайлбал,Гашуунсухайт боомт дээр 25 сая ам.долларын бүтээн байгуулалтыг хийхээр ажиллаж байна.Энэ мөнгө тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зарцуулагдана.
–УИХ, Засгийн газрын дэргэд Хар тамхитай тэмцэх тусгай нэгж байгуулъя гэсэн санаачлага гарч байна. Та дэмжих үү?
-Мэдээж бүрэн дүүрэн дэмжинэ. Монгол Улсаа мансуурлын аюулаас ангижруулж, өсвөр үе залуучуудаа урьдчилан сэргийлэхийн тулд УИХ, Засгийн газрын түвшинд Хар тамхитай тэмцэх тусгай нэгж байгуулах зэргээр дорвитой тэмцэх цаг болсон.