Б.Баттөмөр: Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт хөрөнгө оруулалт илүү шаардлагатай
2018.10.25

Б.Баттөмөр: Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарт хөрөнгө оруулалт илүү шаардлагатай

-Ирэх оны төсвөөс хэмнэлт хийх саналыг төрийн өндөрлө­гүүд гаргасан. Та эдийн засагч хү­ний хувьд ирэх оны төсвөөс хэм­нэлт хийхийг дэмжиж байгаа юу?

-Төсвөөс хэмнэж болох­гүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ хэмнэлтийн ард олон хүн ажилгүй болох эрсдэл бий. Төсвийн зар­ла­гаас Ерөнхийлөгч 15, УИХ-ын дарга 10 хувь хэмнэх боломжтой гэж ярьж байна. Хэмнэлт хийе гэвэл үр ашиггүй аж ахуйн нэг­жийг татан буулгах, зард­лыг нь улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх гарц бий. Улсын төсвөөс цалинж­даг аж ахуйн нэгжүү­дийн хувьд бүтэц, орон тоог нь багасгах, цомхон, үр ашигтай болгох боломжтой. Аль ч улсад хэмнэлтийн бодлого байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай ажилд зарцуулах ёстой. Харин ирэх оны төсвийн хуулийн төслийг урсгал зардал их байгааг гишүүд шүүмжилж байна.

Бид олон сургууль, цэцэрлэг барьж байгаа. Нэг цэцэрлэгт л гэхэд үүдний жижүүр, тогооч, багш зэрэг 20 гаруй хүн ажиллана. Тэднийг цалинжуулах шаардлагатай. Мөн ус, цахилгааны зардал гарна. Энэ бүгдээс шалтгаалж урсгал зардал нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Миний бодлоор одоогийн зардлаа нэмэхгүйгээр төсвийн шинэчлэл хиймээр байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг хэвээр нь байлгах, улмаар хэмнэлт хийх төрийн бодлого шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд ийм бодлого байсангүй.

-Төрөөс баримтлах мөн­гөний бодлогод эдийн засгийн өсөл­тийг хадгалж, цаашид хэмнэлт хийх талаар тусгасан байсан. Гэтэл мөнгөний бод­логотойгоо уялдахгүй зарлагаа нэмсэн нь нэлээд шүүмжлэл дагуулж байна л даа?

-Зардал өссөний шалтгаан нь хөрөнгө оруулалтын ажлуудтай холбоотой. Наад захын жишээ дурдахад, өмнө нь хэлсэнчлэн шинээр барьсан сургууль, цэцэр­лэгийн урсгал зардал нөлөөлж байгаа юм. Цаашдаа эдийн засгийн өсөлт бий болгодоггүй салбарт их хөрөнгө оруулбал улсын төсөвт дутагдал үүсэх дүр зураг харагдаж байна. Мэдээж сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай.

Үүнийг буруутгаагүй. Харин үүний хажуугаар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх салбарт хөрөнгө оруулалт түлхүү хиймээр байна. Улс орныг бүсчилж хөгжүүлэх үзэл баримтлалыг сэргээж, баялаг бүтээж, нэмүү өртөг үйлдвэрлэдэг салбарт хөрөнгө оруулах нь чухал.

-Өнгөрсөн жилүүдэд яагаад эдийн засгийг эрчимжүүлэх сал­ба­рыг чухалчлаагүй юм бэ. Ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ үед эдийн засгийг дэмжих, бүсчилсэн хөгжилд анхаарч болох биш үү?

-Сүүлийн хоёр жилийн хуга­цаанд бүсчилсэн хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх салбарт илүүтэй анхаарах боломж олдсон­гүй. Учир нь, 2016 оны долдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улс дампуурах магадлал өндөр байсан. Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрч, Монголбанк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон. Ашигт малтмалын үнэ буурснаас гадна гадаад өр 25 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл доороосоо хоёрт эрэмбэлэгдэж байсан.

Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийг сэргээх, алдааг засах чиглэлд ажилласан. Харин одоо эдийн засаг сэргэж, төсвийн алдагдал ДНБ-ий 5.4 хувьд хүрч байна. Тэгэхээр өнөөд­рийн төвшнөөс ирээдүйг харж болж байна. Тиймээс 2019, 2020 оны төсвөөс эхлэн то­дор­хой материаллаг баялаг үйлд­вэрлэдэг, эдийн засагт өсөлт бий болгодог салбарт илүү хөрөнгө оруулна. Ерөнхийдөө Мон­гол Улс үйлдвэрлэл, худал­дааны бодлогогүй 28 жил явж ирлээ.

-Үйлдвэрлэл худалдааны нэгдсэн бодлогыг зангидаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Зохицуулалт алга. Өмнө нь Үйлдвэр худалдааны яам, Аж үйлдвэрийн яам гэж байгуулж байсан. Тэдний гаргасан бодлого өнөөдөр алга. Гадаад харилцааны яаманд гадаад худалдаа хариуцсан 10 хүнтэй газар байна. Тэд Монголын төрийн бодлогыг авч явж чадахгүй шүү дээ. Цаашдаа худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага буюу яамтай болох ёстой.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцдаггүй юм уу?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж байгаа. Гэхдээ шаардлага хангахгүй байна. Үйлдвэрлэл, худалдааг хүнс, хөдөө аж ахуйтай нийлүүлэхээр болохгүй байгаа юм. Үйлдвэрлэл, худалдааны бодлого тусдаа байх ёстой.

Гадаадаас юу оруулж ирэх вэ, юуг нь оруулахгүй байх вэ гэдгийг тодорхой болгож байх шаардлагатай. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирвэл өндөр татвар ногдуулах зэрэг бодлогын чанартай асуудлууд байна. Үүнээс гадна манай улс хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянадаг төрийн захиргааны байгууллагатай болох ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцэд тааруулж, орон тоог нэмэхгүйгээр Үндэсний хөгжлийн газрыг өргөтгөн хөгжлийн бодлогыг зангиддаг төр захиргааны төв байгууллага байх шаардлагатай. Энэ нь төрийн мөнгө, төсвийн бодлого, бүтцийн өөрчлөлт, санхүүгийн зах зээлийн бодлогыг нэгтгэх үүрэгтэй байна. Өнөөдрийн Засгийн газрын бүтэц 2008 оны үед бий болсон. Энэ бүтцийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

-Засгийн газрын бүтцийг задална гэсэн үг үү. Энэ талаар намын бүлгийн хурлаар ярилцсан уу?

Эзэнгүй байгаа ажлуудыг эзэнтэй болгох шаардлага үүссэнийг бүлгийн хурал дээр гишүүд ярьж байгаа. Хөгжлийн бодлого, үйлдвэрлэл, худалдааны салбарыг тодорхой хариуцах эзэнтэй болгох шаардлага байна.

-Эргээд төсвийн талаар асууя. Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэж гишүүд шүүмжилж байгаа. Тухайлбал, дэд бүтцээ сайжруулаагүй байж 42 сая тонн нүүрс гаргана гэсэн. Хэрвээ 42 сая тонн нүүрс гаргаж чадахгүй бол төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэл бий. Эрсдэлээ хэрхэн тооцсон бол?

-Монгол Улс эдийн засгийн асар их нөөц боломжтой. Д.Менделеевийн үелэх системийн 130 гаруй элементийн 83 нь Монголын хөрсөнд байна. 3.2 сая хүн амтай, 84.6 сая толгой малтай болсон. Мөн дэд бүтцийн салбар хөгжиж байна. Энэ том нөөц боломжийг өөдрөгөөр харж төлөвлөх нь зөв. Төсөв бол төрийн бодлогын тоон илэрхийлэл. Энэ утгаараа төсвийг боловсруулахдаа эдийн засгийг өөдрөгөөр харсан гэж ойлгож болно. Тиймээс ирэх оны төсвийг хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Төсвийн орлого өмнөх жилүүдийг бодвол нэмэгдэх хандлагатай болсон. Тухайлбал, 2018 оны төсвийн орлого 9.5 их наяд орчим төгрөг болж өсөх магадлал өндөр байна. Эндээс үзэхэд ор үндэсгүй төсөв биш. 42 сая тонн нүүрс экспортлох тухайд шүүмжлэл дагуулж буй нь үнэн. Төсөлд нэг тонн нүүрсийг 75.9 ам.доллараар худалдаална гэж тооцсон. Үүнийг дэлхийн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулахад бага байна. Гэхдээ манай улс нүүрсээ боловсруулж, угаах технологи байхгүй учраас бага үнээр өгөөд байгаа юм. “Энержи ресурс” компани л нүүрсээ угааж, харьцангуй өндөр үнээр худалдаж байгаа. “Тавантолгой” компани уурхайн амнаасаа 60 гаруй ам.доллараар худалддаг. Харин гадаадад 80 гаруй ам.доллараар худалдаж байгаа. Үүний зөрүү болох 20 орчим ам.доллар нь нүүрс тээвэрлэлтийн зардал болоод дунд нь зуучилдаг хүмүүсийн ашиг болдог. Харин ирэх жилээс “Тавантолгой” компани зуучлалгүйгээр гадаад руу шууд худалдаа хийж, нэг тонн нүүрсийг 75.9 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн төсөл орж ирсэн.

-Бүс нутгийн үйлдвэржил­тийг хөгжүүлэх ёстой гэсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэр­лэлийн салбарт хөрөнгө суул­гаагүй гэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 300 орчим тэрбум төгрөг эргэлддэг. Энэ мөнгөний менежментийг сайжруулъя гэдэг үүднээс Сангийн яам төсөвлөөгүй юм билээ. Гишүүдийн хувьд их, бага ч гэсэн тодорхой хэмжээний мөнгө суулгая гэдэгтэй санал нэг байгаа. Өмнө нь өгсөн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, орон нутагт нь хөрөнгийг нь өгвөл үр дүнтэй байх. УИХ-ын гишүүд санал гаргаж ЖДҮ-ийн санд 60 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар тохирсон. Цөөн хүн ам, дэд бүтэц муутай манай улсын хувьд жижиг дунд үйлвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх ёстой. Үйлдвэрлэгч улс хямралд өртдөггүй.

-2020-2021 онд хямрал болох эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагууд сануулж байгаа гэсэн. Гэтэл манай улс зардлаа хэмнэхгүй, олдсон хэмжээгээр нь үрэх хандлагатай байх шиг?

-Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудаас ойрын үед хямрал болж магадгүй гэж гишүүн орнууддаа сэрэмжлүүлэг өгч байгаа. Энэ нь өрийн дарамтаас үүсч болзошгүй гэдгийг хэлдэг. Дэлхийн улс орнуудын нийт өр 182 их наяд ам.доллар байна. Энэ нь улс орнуудын ДНБ-д хувааж үзэхэд 225 хувьтай тэнцэж байгаа. Манай улсын нийт өр гэхэд л 27.5 тэрбум ам.доллар бөгөөд ДНБ-д хуваахад нэг дахин их байгаа юм. Тэгэхээр манай улсын өр дэлхийн хэмжээний өрийн тооцоонд ороод явж байгаа.

Улс орон бүр эдийн засгаа тогтворжуулах чиглэлээр их хэмжээний зээл авдаг ч олигтой үр дүнд хүрэхгүй байгааг олон улсын байгууллагууд онцолсон. Үүнд манай улс ч орно. Авсан зээлээ үр бүтээлтэй зарцуулах менежментээ хийж чадсангүй. Зээл авчихаад юунд зарцуулах вэ гэдгээ мэдэхгүй арилжааны банкуудад байршуулсан. Зээлийг авсан өдрөөс эхлэн хүү тооцогддог учраас маргаашаас нь зарцуулах ажилдаа өгөх ёстой. Харамсалтай нь, манайд ийм тооцоо, тогтолцоо алга.

Өөрөөр хэлбэл, зээл авахаасаа өмнө юунд зарцуулах вэ гэдгээ маш тодорхой болгох шаардлагатай. Дэлхийд хямрал үүсвэл хэрэглээний эдийн засагтай манай улсад нөлөөлөх нь ойлгомжтой. Тиймээс өрийн хямралын эсрэг ямар менежменттэй байх вэ гэдгийг одооноос сайн төлөвлөх шаардлага үүслээ.

-Манай улс 2021 оноос “Чингис”, “Мазаалай” бондын зээлийг төлж эхэлнэ. Тэгэхээр одооноос өрөө хэрхэн төлөвлөх нь зүйтэй вэ?

-2021 он хүртэл бид 2.3 тэрбум ам.долларын зээл төлнө. Зээлийг төлөх төлөвлөгөөг нарийн гаргах хэрэгтэй. Одоогоор өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих аргыг хэрэглэж байна. Энэ нь цаагуураа эдийн засгийн эцсийн үр дүн нь ашигтай. Одоохондоо ийм аргаар төлөхөөс өөр арга алга. Хуримтлал бий болоогүй байгаа ба 2019 оноос л хуримтлал бий болж эхэлнэ. Ирэх жилийн төсөв хамгийн сайн төсөв гэж үзэхэд 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Энэ алдагдлын ихэнхийг зээлээр шийдвэрлэнэ. Үр ашиггүй, өндөр хүүтэй, шаардлага өндөртэй, богино хугацаатай зээлээс татгалзах хэрэгтэй.

-Төсвийн төсөлд анхаарах шаардлагатай ямар асуудлууд байна вэ.

-Дэлхийн худалдааны дайнтай холбоотой асуудлууд манай улсад сөргөөр нөлөөлж магадгүй. Тухайл­бал,  АНУ-аас Хятад, Хята­даас АНУ-д худалдааны тариф тогтоосон. Мөн АНУ-аас Иран, Венесуэл, Турк, Орос руу худал­дааны хориг тавьж, өндөр тариф тогтоосон. Энэ худалдааны дайнаас аль нэг улс нь хожиж, хожиг­доно гэсэн зүйл байхгүй. Олон улсын байгууллагуудын мэдэгд­лээр нэг газар бараа илүүдэлтэй, нөгөө газар нь дутагдалтай байж болохгүй гэдгийг хэлж байгаа. Улмаар XXI зуунд улс орнууд бие биеэ хаах, хорих арга замаар бус, хамтарч ажиллан бүгд хөгжих ёстой гэсэн уриалга гарч байна. Худалдааны дайн манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй ч зарим талаараа боломж болж магадгүй. Яагаад гэвэл Монгол Улс хоригт ороогүй.

Тиймээс бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад эрэлттэй байдаг арьс, ноос, ноолууран эдлэл, мах махан бүтээгдэхүүнийг экспортолж, валютаар нь худалдаа хийдэг болох шаардлагатай. Үүнд л төрийн болоод төсвийн бодлого чиглэх шаардлагатай. Манай улс бүс нутгийн хөгжлийг дэмжих шаардлагатайг дээр дурдсан. Мөн нийслэл Улаанбаатарын дагуул хотуудыг бий болгож, тэнд сургууль, цэцэрлэг, ажлын байр, тээвэр холбоо харилцааг хамтад нь шийдэхээр ажиллаж байна. Үйлдвэрүүдийг төр байгуулах нь оновчтой бус. Хувийн хэвш­лийнхэн байгуулах нь илүү зохимжтой. Тиймээс төр гадаадын зээл туслам­жийг, дэмжлэгийг хувийн хэвшилд зуучлан олгож дэмжих нь зөв.