Х.Нямбаатар: Үндэсний зөвшилцөлд хүрээд УИХ тарж болно
2018.10.31

Х.Нямбаатар: Үндэсний зөвшилцөлд хүрээд УИХ тарж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал (УИХ) бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-г өөрөө тарахыг санал болголоо. Үнэхээр УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүссэн үү. Энэ талаар та өөрийн байр суурийг илэрхийлж болох уу. УИХ тарвал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай болох вэ?

-Нэн түрүүнд улс төрийн тогтворгүй байдал хэнд ч ашиггүй гэдгийг хэлье. Би хэн нэгэн хүнтэй холбоотой байр суурь илэрхийлэхгүй. Харин үүсээд буй нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлье. Улс төрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид зугтдаг.

Дан ялангуяа одоо бид олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO босгох гээд ажиллаж байна. Өөрсдийгөө сурталчилж байна. Мөн улс төрийн тогтворгүй байдлыг дагаад нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсдэг. Эдийн засаг тогтворгүй болох нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Хэрвээ тарахаар бол ирээдүй хойч болон улс орныхоо төлөө нэг зүйлийг бид хамтран хийх ёстой. Энэ нь засаглалын хэлбэрээ тодорхой болгож, тоглоомын дүрмыг шинчлэн тогтоох юм.

Засаглал руу шилжих Үндэн хуулийн зөвшилцөл, концепциудыг хийснийхээ дараа он гаргаад тарж болно шүү дээ. Зөвшилцөл хийсэн баримт бичгээ боловсруулаад, ард нийтээрээ санал асуулга явуулах бэлтгэл ажлаа хангаад, олон нийтийн саналаар дараагийн засаглалын хэлбэрийг тодорхой болгох хэрэгтэй.  Ингээд дараагийн төрийн байгууллага бүрдэх ёстой. Түүнээс биш  гадаа гарч жагсаад УИХ-ыг тараана гэвэл төлөөллийн ардчиллыг хөндөж буй асуудал. УИХ-ын бүх гишүүдэд хариуцлага ноогдуулж УИХ-ыг тараах талаар ярьж болно.

Гэтэл УИХ-ын зарим гишүүдтэй холбогдсон, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар УИХ-ыг тараана гэвэл энэ нь нийт Монгол Улсын иргэдийн төлөөлөл болж мандат дор сууж буй төлөөлөгчид болон ардчиллыг нэг институц нь шууд үгүйсгэж буй явдал юм. Үүнийг төрийн тогтворгүй байдалд уриалж буй хэлбэр ч гэж үзэж болно. Украинд яг л ийм л нөхцөл бүрдсэн. Өнөөдөр Украинд инфляц хэдэн хувьтай байна. Цалин хөлс ямар төвшинд байна. Ерөөсөө тогтворгүй байдлын цаана эерэг үр дүн байдаггүй гэдгийг ойлгох ёстой.

Одоо бидэнд тулгараад буй энэ асуудал нь ерөөсөө 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гажиг согогуудын илрэл юм. Тус үндсэн хуулийн гажиг согог, алдаа нь 1996 онд болсон Улсын Их Хурлын сонгуулийн дараа илэрсэн гэж хэлж болно. Энэ үед олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт эргэлт болсон.

Гэтэл тухайн үед УИХ-д олонх болсон нам дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй төвшинд хүрсэн. Ингээд дөрвөн ч удаа засаг солигдсон байдаг. Үүний үр дүнд тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй болж байсан. Гадаад болон дотоод өрийн хэмжээ ихэссэн нь хүнд нөхцөл байдалд оруулсан. Хамгийн гол нь үүнээс хэн ч хожоогүй. Ард түмэн л хохирсон. Үүний дараа 1999 онд энэ гажгийг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг ч үүнийг нэр бүхий хуульчид болон олон нийт  “Дордохын долоон нэмэлт өөрчлөлт” хэмээн нэрлэдэг. 

Харин 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам өөрийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийж бүтээнэ гэж гарч ирсэн. Гэтэл бодит нөхцөл дээр манай улсын эдийн засгийн нөөц боломж нь тэр бүх амлалтыг хэрэгжүүлэхэд хаана нь ч хүрэлцэхгүй. Гадаад болон дотоод өрийн дарамт ихтэй эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд засаг хүлээн авсан. Харин одоо дотоод өрнөөсөө гарч, гадаад өрөө дарж эхэлсэн. Эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөн л олон зүйлийг амласан. Харин Ерөнхийлөгч бүрэн эрхээ хүлээн авч тангаргаа өргөөд 4 тэрбумын төсөв, 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлсэн.

Улс төрийн зөрчилдөөн, мөргөлдөөн хаана үүсээд байна. Ерөөсөө л аль, аль улс төрч нь өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж хичээх нь ойлгомжтой. Гэтэл төсөв, мөнгө нь хязгаарлагдмал. Эндээс л зөрчилдөөн үүсдэг. Энэ тогтолцоо ч үеийн үед явж ирж, үүний үр дүнд 1.6 жилийн настай засаг бий болсон.

1.6 жилийн настай Засгийн газруудад 1.6 жилийн настай төрийн бодлого л хэрэгжинэ. Уг нь төрийн бодлого хэдий чинээ урт хугацаанд, хэдий чиний тогтвортой байна гэдгээс хамаарч эерэг өөрчлөлтүүд харагдана. Тиймээс УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санал улс орныхоо ирээдүй, хэтийн сайн сайхны төлөө бол дэмжинэ. Тэгье. Бүгд таръя.

-Төрийн тогтолцооны ямар хэлбэртэй байх нь зөв гэж үзэж байгаа вэ. Энэ засаглалын яг юу нь болохгүй байна вэ?

-Ерөөсөө л хоёр дүрэм бий. Хоёр парламенттай болох уу гэдэг нь Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болцгооё гэсэн нэг талын дүрэм. Нөгөө дүрэм нь дан ганц Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё гэсэн сонголт. Тэгээд парламент нь төсөв  хуулиа  баталж, ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа бүрдүүлэх юм. Одоо манай улс эрлийз засаглалын тогтолцоотой байна.

76 жижиг тойрог бүрд мандаттай, 76 хан гишүүнтэй. Ерөөсөө би, та бид бүгд тойрог бүрдээ ажил хийж байж дараа сонгогдоно. Тэгэхээр бүгд өөрийн тойрогтоо хөрөнгө төвлөрүүлэх бодолтой. Гэтэл энэ нь эргээд том эдийн засгаа хохироодог, нэгдсэн бодлого шийдэлд хүргэдэггүй сөрөг талтай. Үүний дээр Ерөнхийлөгч бүх нийтээс ганцаар сонгогдож гарч ирэхийн тулд маш их амлалт өгдөг. Жишээлбэл иргэдийг өргүй болгоно, аж үйлдвэрийн парк байгуулна гэх мэт. Гэтэл бодит байдал дээр өөрт нь 4 тэрбум төсөв бий. Энэ нь маш том зөрчлийг бий болгодог.  

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг цэгт очоод мөргөлдөнө. Зөрчилдөнө. Энэ бол төсөв. Хоёулаа ард түмнээс асар их зүйлийг амлаж гарч ирсэн, олон зүйл хийнэ гэж төлвөлсөн хүмүүс. Өөрийн амлалтыг биелүүлэхэд улсын төсөв хязгаарлагдмал бас шавхагдмал шүү дээ. Манайх шиг нэг танхимтай, цөөхөн гишүүнтэй тогтолцоотой улс орон байхгүй. Жишээлбэл Чех, Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогддог. Доод танхим нь хуулиа хэлэлцэж баталдаг, Засгийн газраа бүрдүүлдэг. Дээд танхим нь эцэслэн баталдаг. Аливаа зүйл шүүлтүүртэй байж илүү чанартай байдаг.  

Мөн манай улсад жижиг мажираторид бусад нам улс төрийн хүчин орох орон зай бага байгаа учир сүүдрийн засгийн газар шиг үйл ажиллагаа явуулдаг. Зөв зүйл хийсэн ч буруутгадаг. Буруу зүйл хийсэн ч буруутгадаг. Жишээлбэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр шатахууны ханш нэмэгдэж байгаад Засгийн газрыг буруутгах нь инээдтэй хэрэг. ОПЕК нийлүүлэлтээ багасгалаа. Засаг өөрийн авах бүх арга хэмжээг аваад дуусан. Хилийн бүх татвараа тэглэсэн. Одоо шатахуун хилээр ямар ч татваргүй орж ирж байна.

Манай 26 жилийн Үндсэн хуульт байгуулал энд ирээд таг гацчихлаа. Ногоон нам, Иргэний зориг, МАХН зэрэг бүх намууд танхимд  пропорционал сонгуулийн үр дүнд орж ирж суудлуудаа авах хэрэгтэй. Бүгд бодлого шийдвэртэй өрсөлдөх хэрэгтэй. Учир нь парламентад суудал авч үзэж байж Засаг төрийн бодит зовлонг мэднэ. Бид хэдэн төгрөг олдог, үүнийг юунд зарцуулдаг вэ гэдгийг мэдрэнэ. Тэд мэдээгүй учир цонхны цаанаас тэс өөр зүйл ярина.

Өнөөгийн энэ тогтолцоогоороо Ерөнхийлөгч, гишүүн, засаг дарга гээд бүгд л амлалт өгч гарч ирж байна. Амлалтынхаа цар хүрээгээр бид дэлхийд тэргүүлнэ шүү. Гэтэл бидний хэтэвчинд хэдэн төгрөг байгаа вэ гэдэг бүхнийг тодорхойлно. Түрийвчин дэх мөнгөө бүгдийг нь цацаад байвал айл гэр дампуурна биз дээ. Айл гэр хуримтлалтай байж өв хөрөнгөө арив гамтай зарцуулах ёстой шиг л улс орон тийм л байх ёстой.

Дөрөв, дөрвөн жилийн настай амлалт өгч гарч ирдэг улс төрийн байгууллаа дагасан энэ тогтолцоо хүссэн ч, эс хүссэн ч авилгатай холбогдож байна. Нөхөр Дорж 2020 оноос хойш төрийн албанд ажиллах нь эргэлзээтэй учир хугацаатай алба гэсэн сэтгэхүйгээр л хандана. Харин сонгодог парламентийн тогтолцоонд шилжвэл төр тогтвортой болно. Утга учиргүй шүүмжлэгчид ч багасана. Учир нь энэ хүмүүс төрийн өөрт буй нөөц болон үүрч буй зовлонг бие сэтгэлээрээ мэдэрнэ.

-Ерөнхийлөгчийг Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэж үздэг. Гэтэл УИХ-ыг тараах санал гаргаж байгаа нь нэг талаасаа зөрчилтэй үзэгдэл мөн үү?

-Бид үнэхээр улс орныхоо алс хэтийн хөгжлийг бодож байвал УИХ ч, Ерөнхийлөгч ч бүгдээрээ л огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн институц ч, УИХ-ын институц ч тэр бүгдээрээ таръя. Ерөнхийлөгч ЖДҮХС, төсөв зэргээс өөр олон аргумент дэвшүүлээд, УИХ-ыг тараана гэвэл УИХ тарж болно.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээсэн байдаг.Хэрэв ерөнхийлөгч тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ огцруулах эрхтэй.

Хэрвээ УИХ тарвал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Энэ нь нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж цаашлаад гудамжинд эмх замбараагүй байдал бий болно. Тэгэхээр энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн тангаргаасаа няцаж байна гэж үзнэ. Тэгэхээр УИХ тарвал Ерөнхийлөгч ч бууна. Харин цаашаа хэрхэх вэ гэдгийг бүгдээрээ шийдэх хэрэгтэй.

Огцрохоосоо өмнө Үндэсний зөвшилцөл хийх ёстой. Ирээдүй хойч үедээ зөв төрийн тогтолцооны бүтцийг  бий болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хамтран боловсруулж үлдээх хэрэгтэй. Төслөө бэлтгээд ард түмний дунд санал асуулга хийх ёстой

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.