А.Ундраа: ЖДҮДС-гаас улс төрийн эрх мэдлээ ашиглан зээл авч, мөнгө хүүлсэн нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой
2018.10.31

А.Ундраа: ЖДҮДС-гаас улс төрийн эрх мэдлээ ашиглан зээл авч, мөнгө хүүлсэн нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

Сэтгүүлч: ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас сайд, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь тодорхой болсоор байна. Энэ нь хэр зохистой үйлдэл юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зарцуулалттай холбоотой асуудал дээр олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зориулалтын дагуу, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаад санаа зовниж явдаг. Энэ нь ч саяын жишээнүүдээр харагдлаа.

Улс төрийн эрх мэдлээ ашиглан давуу эрх үүсгэж, уг сангаас хувийн болон хамааралтай компанидаа их хэмжээний зээл авсан нь тогтоогдож, тэрхүү жилийн гурван хувийн хүүтэй зээлээ цааш нь сарын 2.5 хувь буюу жилийн 30 орчим хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад оруулан иргэдэд өндөр хүүтэйгээр зээлж, мөнгө хүүлсэн нь нотлогдох юм бол энэ үнэхээр ёс зүйн хувьд зохисгүй, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үйлдэл гэж би харж байна.

Яагаад ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа бизнесийнхнийгээ мөлжих маягаар явах ёстой гэж. Энэ бол хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл. Цаашлаад гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг. Мөнгө угаах гэмт хэргийн нэг төрөл гэж би харж байна. Үүнийг шалгаж үнэн мөнийг нь олж тогтоох ёстой.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл авна гэдэг маш хэцүү байдаг талаар иргэд хэлж байна. Иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд яах ёстой юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг шаардлагатай, бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй байгаа бизнес эрхлэгчид авахад маш хэцүү.

Босгыг нь их өндөр тавьдаг. Тиймдээ ч жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зорилтот эзэндээ хүрч чадахгүй явсаар өнөөдрийн энэ байдалд хүрч байна л даа. Энэхүү сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахын тулд сонгон шалгаруулах процессийг нь ил тод болгох, менежмэнт, эргэн төлөлт болон хяналтыг нь сайжруулах нь чухал байна. Мөн бизнес эрхлэгчдийн чөлөөтэй, бие даасан оролцоог хяналтын системд нь хангах хэрэгтэй гэж харж байна. Тариалан эрхлэлт, ноос ноолуур, арьс ширний чиглэлийн хөтөлбөрүүдийг дэмждэг бусад сангуудын зарцуулалт зорилтот эзэндээ хүрч байгаа эсэх, шат дамжлага дамжих явцдаа алдаа дутагдал гаргаж байна уу гэдгийг эргэн харж хянах ёстой. ЖДҮДС гэлтгүй бусад сангуудын менежмэнтийг нь сайжруулж, зарцуулалтыг нь тодорхой болгоогүй цагт төсвийн үр ашиггүй зарцуулалт үргэлжлэх байх гэж бодож байна. Тиймээс УИХ одоо үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулаад бүх сангуудын зарцуулалт, зорьсон эзэндээ хүрч чадаж байгаа эсэх асуудлаар нарийн судалж үнэлэлт, дүгнэлт гаргах ёстой байх. Холбогдох байнгын хороодоос нь ажлын хэсэг байгуулагдаж энэ асуудлыг шалгаж, дүгнэж цэгнээсэй ч гэж хүсч байна. Энэ талаар УИХ-ын удирдлагууд төдийгүй холбогдох байнгын хороодод байр сууриа илэрхийлнэ.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Уг хуулиар бичил бизнес эрхлэгчдэд сангаар, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкаар дамжуулж зээл өгөхөөр болж байгаа. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хуулинд бичил бизнес эрхлэгч гэсэн шинэ төрлийг нэмсэн. Ажиллагсдын тоо болон жилийн орлоготой нь уялдуулж бичил, жижиг, дунд гэсэн гэсэн гурван төрлийн категори бий болгож байгаа нь зүйтэй. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжиж байж ажлын байрыг олноор нь бий болгох бололцоо бүрдэнэ. Тиймдээ ч хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин нэмж хүнд суртал бий болгохгүй байх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хуулийн төсөлд заавал бичил, жижиг, дунд, гэж бүртгүүлсэн компани л зээл авах бололцоотой болно гэж оруулж ирсэн. Нэгэнт татвар төлдөг бүртгэлтэй компани юм бол ажиллагсдын тоо, татварын орлогын хэмжээгээрээ бүртгэл нь шууд хийгдчихэж болно шүү дээ. Тийм байхад бас нэгэн бүртгэл, шинэ шат дамжлага, хүнд суртал бий болгочих вий гэсэн үүднээс энэ тухайд байр сууриа илэрхийлсэн. Мөн бизнесийг өргөжүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтыг сангийн тухай хууль хэлэлцэж байгаа. Зөвхөн банкны зээл авахаас гадна Хөрөнгө оруулалтын санг дэмжих, цаашлаад бизнесийнхээ хувьцааг зарах, арилжаалах, шинээр түнш нэмж оруулах эдгээр санхүүгийн олон механизмуудыг ашиглах бололцоо нээлттэй байх нь бизнес өргөжүүлэх ач холбогдолтой гэж харж байна.

-Ирэх оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийн тухай янз бүрийн л байх суурьтай байгаа. Сөрөг хүчний зүгээс энэ чигээр батлагдвал Байнгын хороо болон УИХ-ын чуулганд оролцохгүй гэх мэдэгдлийг ч хийсэн. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсөв хэлэлцэж байх үед том зургаар харж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулж чадсан уу, үгүй гэдэг дээр сэтгэл зовж байгаа асуудлууд байна. 76 гишүүн болгон өөрийнхөө тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажлууд байгааг бүрэн дүүрэн ойлгож байна. Гэхдээ Монгол Улс маань хөгжлийн бодлогоо “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж хуульчлан баталсан. Эдийн засгийн болон хүний хөгжил, байгаль орчин, тогтвортой хөгжлийн бусад зорилтуудтайгаа уялдаатайгаар бид заавал хийж хэрэгжүүлсэн байх ёстой алхмууд бий. Улс орны хувьд эрэмбэлэхдээ юуг түрүүлж хийх, юунд хүч, хөрөнгө хаях ёстой юм бэ гэдэг дээрээ нэгдсэн бодлого гаргаж чадсан уу гэдэгт тийм ч сэтгэл хангалуун биш байна. Монгол Улс маань 2019 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн талаар анхны үндэсний хэмжээний сайн дурын илтгэлийг НҮБ-д тавих болно. Бид энэ зорилт, зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлагнахдаа олон хэсэг хуваасан гэхээсээ илүүтэй томоохон хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлж ядуурдлыг дорвитой бууруулж чадсан уу, байгаль орчны доройтолтой тэмцсэн үү, институцийн хөгжил хэр зэрэг сайн байгаа вэ, ардчилал илүү бэхжсэн үү зэрэг асуултуудад бид хариу өгөхөд бэлэн байх шаардлагатай. Энэ төсөв яг тэр чиглэл рүү дорвитой алхам хийж чадахгүй гэж харагдаж байна.

-Та жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан экспо зохион байгуулах гэж байгаа гэсэн үү?

-Үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү экспо”-г санаачилж, гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Арваннэгдүгээр сарын 17-18 ны өдрүүдэд “MNB event hall”-д уг экспог зохион байгуулах юм. Уг үйл ажиллагааг жижиг, дунд төдийгүй томоохон үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортлоход хэрэгтэй мэдээллийг өгөх үүднээс зохион байгуулж ирсэн. Эхний экспод шалгарсан арьс шир үйлдвэрлэгчдийг Италь улсад аялуулж байлаа. Өнгөрсөн жил гоо, сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгарсан. Тэднийг Япон улс руу явуулсан. Харин энэ жилийн шилдгээр шалгарсан үйлдвэрлэгчдэд АНУ-д бизнес аялал хийх боломжийг олгоно. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хийж буй уг экспод оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг энд уламжилъя.