Д.Оюунхорол: Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй
Сэтгүүлч Э.Энхболд
УИХ-ын гишүүн, 2019 оны төсвийг батлах Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?
-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд, зарлагыг 11 их наядаар тооцон оруулж ирснийг хэвээр нь хадгалсан. Төсвийн алдагдлыг нэг их наяд буюу 913.3 тэрбум төгрөгөөр тооцож оруулсныг ажлын хэсэг хэвээр нь дэмжсэн. Харин дотор нь нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөгийг үлдээх, Ирээдүйн өв сандаа 550 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж оруулж ирсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 550 тэрбум төгрөгийг 2030 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглахыг хориглосон байдаг. Ажлын хэсгийн гишүүд энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын түүхий эдийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, иргэдийг ажлын байртай болгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс чуулганд мэдээлэл хийхдээ төсвийн реформыг хийхдээ үйлдвэр байгуулах талыг харгалзан үзэж 160 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох гурван том үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх санал тавьсан. Бид ажлын хэсэг дээрээ ярилцаад төсвөө тусад нь ярихаар болсон.
Төсөв дээр үйлдвэрүүд барих хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийг суулгах боломжгүй. Мэдээж зах зээлийн жамаар зээл олгож үйлдвэр аж ахуйн газар барихад зориулж хүү багатай зээлийн эх үүсвэрийг олоход төрөөс зохицуулах зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Халамждаа 67 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хөтөлбөрүүд явна. Нэлээдгүй гишүүний зүгээс нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг нааш нь татаад хөрөнгийн зарлагыг нэмэгдүүлэх санал гаргасан. Одоогоор тийм боломж улсын төсөвт байхгүй тул Засгийн газраас өргөн барьсан хуулийн хүрээнд авч үзэхээс өөр аргагүй байгаа юм.
-Орон нутгийн хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү. Ирэх оны төсөв 2020 оныг угтсан сонгуулийн төсөв боллоо гээд?
-Шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт дээр хөдөө орон нутагт хүн амынх нь тоонд харьцуулаад 189 тэрбум төгрөг тусгасан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс юунд зарцуулах нь тодорхойгүй хөрөнгө оруулалтуудыг аймаг орон нутаг руу шилжүүлэх нь Төсвийн тухай хуулийг зөрчинө гэж байсан. Тиймээс ажлын хэсэг дээрээ болон бүлэг дээрээ ярилцаад төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг нь тодорхой бичээд хуваарилах нь зүйтэй гэж үзээд шийдвэрээ гаргасан. Энэ дагуу 76 тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн өөрсдийнхөө саналыг бичиж өгсөн.
Засгийн газар 117 сургууль, 143 цэцэрлэг шинээр барих санал оруулж ирсэн байсан ч гишүүдийн нэмэгдсэн саналаар 18 сургууль, 32 цэцэрлэг 189 тэрбумаасаа барихаар тусгаж орж ирсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой гэж үзсэн.
Төсөв дээр дутуу орж ирсэн зүйл бол хотоос сонгогдсон гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан. Нийслэлд 1.3 сая иргэн амьдарч байна. Тиймээс хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатар хотын 20 мянга гаруй хүн амтай хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй байхад 1000 хүнтэй суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ мэт хуваарилалт нь болохгүй байгаа зүйлүүд байсан учраас нийт хүн амынх нь тоонд нь харьцуулж хөрөнгө оруулалтаа тавих нь зөв гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн тойргийн саналыг хүлээж аваад 90 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөв дээр нэмэгдүүлж батлахаар оруулж ирсэн.
Тодорхой хэмжээний урсгал зардлууд оруулж ирсэн байсан. Ноднин УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгааллын зардлыг зургаан тэрбум төгрөгт хүргэж байсан бол Засгийн газраас хүүхэд хамгааллын зардлыг хоёр дахин бууруулж оруулж ирсэн. Гэтэл энэ жил 2.4 тэрбум төгрөг болгон оруулж ирсэн.
Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа тул үүнтэй тэмцэх зорилгоор зардлыг нь нэмэгдүүлэх ёстой гээд найман тэрбум төгрөг болгож өгч байгаа.
Мөн 2020 онд хийх хүн, ам орон сууцны нэгдсэн тооллоготой холбоотойгоор зургаан орчим тэрбум төгрөг гарахаар санхүүжилт байсан юм билээ. Засгийн газар энэ саналыг нь орхигдуулсан талаар Үндэсний статистикийн газрын саналыг авч ажлын хэсгийн гишүүд сайтар ярилцаж байгаад 2019 оны төсөвт 1.8 тэрбум төгрөг нэмсэн. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг янз бүрийн гамшиг ослын үед олон улсын байгууллагуудтай хамтарч маш их тусламж дэмжлэг үзүүлдэг. Тус байгууллагын зүгээс ослын үеийн зардлыг нэмэгдүүлэх ёстой гэдэг санал өгсөн байсан тул 952 сая төгрөгийн санхүүжилт тусгасан. Сонгуулийн ерөнхий хорооны тоног төхөөрөмж солих ажилд долоон тэрбум төгрөгийг суулгахаар оруулж ирсэн ч эхний ээлжинд дөрвөн тэрбумыг тусгаж өгөхөөр болсон.
-Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэхэд 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн ч мөнгө суулгаагүй юм биш үү. Хууль нь удахгүй хэрэгжиж эхэлнэ шүү дээ?
-Огт мөнгө суулгаагүй биш, суулгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт таван тэрбум төгрөг сууж байгаа. Эхний ээлжинд ингэж оруулж байгаа юм шүү. Дараа дараагийн жилүүдэд нэмэгдлээд явна. Үүнээс гадна жендерийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд 700 гаруй сая төгрөг тавьж өгсөн. Ерөнхийлөгч чуулганы хуралдааны үеэр ЖДҮДС-ийн төсөв дээр мөнгө тавиагүй байна.
Ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулаач ээ гэсэн.
Мөн МАН-ын мө-рийн хөтөлбөрт 21:100 үйлдвэржилтийг дэмжих бодлого туссан. Гэсэн ч энэ удаагийн төсөвт нэг ч төгрөг тавиагүй байсан тул 47 тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэл байгуулах гэж байгаа, үйлдвэрлэл хөгжүүлэх хүсэлтэй тэр хүндээ зээл нь хүрээсэй гэж бодож байна. Сүүлийн 27 жил Монгол Улсад орлого багатай иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хүндээ хүрэхгүй байгаа гэсэн шүүмжлэл одоо ч байсаар байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд ЖДҮДС-ийн мөнгөний зарцуулалтын талаарх янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой.
Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс болоод энэ сангийн мөнгийг хасах нь буруу гэж үзсэн. Харин хяналтыг нь чангатгаад, эзэндээ хүрэх зээлийг олгох ёстой гэж үзэж байгаа. Эдийн засаг тодорхой хэмжээнд өсч байгаа боловч эдийн засгийн өсөлт ядуу иргэдэд хэр хүрч байна вэ гэдэгт үргэлж дүгнэлт хийх хэрэгтэй.
Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьтай байна гэж байгаа. Өмнө нь эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байхад ийм л байсан. 2016 онд эдийн засгийн хямрал нүүрлэж байхад мөн л 29 хувьтай байна гэж байсан.
Тиймээс ядуурлыг тогтоож байгаа индекс тооцоо нь бодитой биш байгаа юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн кэофцент өөрчлөгддөггүй, тэгсэн хэрнээ аж ахуйн нэгжүүдийн ажилд авна гэсэн зар сурталчилгаа их байдаг. Өнөөдөр компанийн удирдлагууд ажилтан олдохгүй байна гэдэг. Энэ бүхэн хоорондоо уялдаж өгөхгүй байгаа тул цаашид эргэж харах шаардлагатай. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд найман тэрбум төгрөг нэмж байгаа. Төсөвт 20 тэрбум төгрөг суусан. Энэ зээлийн гол зорилго нь хүү багатай, хугацаа урт итгэлийн зээлийг орлого багатай иргэдэд олгох юм.
-Хөрөнгө оруулалтууд ихээхэн нэмэгдсэн байна. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас оруулах вэ?
-261 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа учраас Засгийн газрын төслөөс хасах ёстой. Засгийн газрын өгсөн саналаас агаар орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан.
Индукцийн аргаар агаарын бохирдлыг бууруулах буюу гэр хорооллын айлуудын янданд тавих төхөөрөмжийг худалдаж авахад 100 орчим тэрбум төгрөг тавьсан байснаас 80 тэрбум төгрөгийг хассан. Яагаад хассан гэхээр энэ төхөөрөмж нь туршигдаагүй, туршигдсан гэх ганц хоёр айлууд нь хэрэглэхгүй байгаа талаар телевизийн мэдээлэл гарсныг бидэнд бичлэгээр нь үзүүлсэн.
Иргэдийн зүгээс нэгдүгээрт, зуухны таталт муудсан. Хоёрдугаарт, сар бүр 24 мянган төгрөгийн эрчим хүчний зардал нэмэгдэж байна. Гуравдугаарт, хэрэглээ нь амьдралд нийцэхгүй юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа учраас хэрэглэх боломжгүй гэсэн юм. Засгийн газар түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шахмал түлшийг үйлдвэрлэх ёстой. Ингэхийн тулд үйлд-вэрүүдийг нь барих ёстой. Тиймээс эх үүсвэрийг нь хангахын тулд одоо тавигдсан байгаа хөрөнгийг нь тавиач ээ, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад ганц аргаар явахгүй.
Нүүдэлчин маягийн амьдралтай, таван ханатай гэрт амьдардаг хүмүүс галаа түлнэ. Тиймээс шахмал түлш түлүүлэх, халаагууруудын үнийг хямдруулан иргэдэд олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхэд зориулж мөнгө гаргаж байсан хуучин аргыг нь хэрэглэх гэх мэтчилэн олон арга хэрэглэж байж агаарын бохирдолтой тэмцэнэ. Түүнээс биш их хэмжээний улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Монгол Улс тийм баян ч орон биш. Үнэхээр үр дүнтэй байвал дараа нь дутагдаж буй тодорхой эх үүсвэрүүдийг Засгийн газрын нөөц сангаас гарган хэрэгжүүлэх боломжтой учраас бууруулсан.
-Хэд хэдэн улсын эмнэлгийг хувьчилна гэсэн мэдээлэл гарсан. Ямар эмнэлгийг ямар байдлаар хувьчлах вэ?
-Монгол Улсын Засгийн газраас том эмнэлгийг бие даалган үйл ажиллагаа явуулах саналыг оруулж ирсэн. Нэг үгээр хэлбэл ирээдүйд хувьчлалын хэлбэр рүү ороод явна гэж үзсэн. Ажлын хэсгийн зүгээс Хавдар судлалын үндэсний төвийг хувьчлах ямар ч боломжгүй гэсэн. Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл маш их байна.
Дундаж амьдралтай болон ядуу иргэд бүгд хавдраар өвчилж, энэ эмнэлгийн хаалгаар орж ирдэг. Энэ хүмүүстээ хатуурхаж өндөр зардалтай эмчилгээ үйлчилгээ үзүүлж болохгүй.
Тиймээс улс энэ эмнэлгээ өөрийн мэдэлд байлгаж чадавхжуулж, бэхжүүлээд явах нь зөв гэсэн юм.
Хоёрдугаарт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг бие даалгана гэж оруулж ирсэн. Тус эмнэлэг эмчилгээ үйлчилгээний хамгийн том төвийг бариад ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаа. Манайхан гадаад явж өндөр зардлаар эмчилгээ, оношлогоо хийлгэх шаардлагагүй олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болох юм. Энэ төвийг ашиглалтад оруулаагүй байхад хувьчилна гэдэг санал оруулж ирснийг нь бид дэмжээгүй. Тиймээс ХСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлээд төсөвт 15.2 тэрбум төгрөгийг хэвээр нь үлдээж үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн юм.
-Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох вэ. 100 хувь хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй болчихсон юм биш үү?
-Одоо хүүхдүүдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. С.Чинзориг сайдаас “Хүсэлт тавьсан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авч чадаж байгаа юу. Энэ нь 80 хувьдаа хүрч байгаа юу” гэхэд “Чадаж байгаа” гэсэн.
Салбарын сайд “Одоо 10 хувь нь нэмээд өргөдөл өгөхөд санхүүжилт байхгүй” гэдгийг хэлсэн. Улсын төсвөөс баталж өгөөгүй учраас боломжгүй юм. УИХ-ын хэсэг гишүүд хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгооч гэдэг санал тавьсан. Төсөв хэлэлцэхээс хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулиа баталж чадаагүй.
Тиймээс батлагдаагүй хууль дээр УИХ мөнгө тавих боломжгүй. С.Чинзориг сайд нэмэгдэх хандлагатай байна гэж үзээд 20 тэрбум төгрөгийн эх үүсвэр нөөцөд үлдээж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс өргөдөл өгөөд хүүхдийн мөнгө авахыг хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэнэ. Хүүхдийн мөнгийг 10 хувь нь авдаггүй юм билээ. Тиймээс энэ мөнгийг нь санд нь үлддэг байхаар хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай.
-Утаа гэж маш их ярьдаг хэрнээ утааг бүрэн шатаадаг төхөөрөмжийг ашиглая гэхээр мөнгийг нь хасчих юм. Мөнгийг нь хассан болохоор дахин бид утаа гэж ярина. Ядаж энэ мөнгийг нь утааг бууруулах өөр зүйлд зарцуулж болохгүй юу. Тэр чигт нь хасчихсан байна...
-Би хоёр удаа Байгаль орчны сайдаар ажилласан. Эхлээд ажиллахад Агаарын бохирдлыг бууруулах санг нь татан буулгасан байсан. Тэр үед мөнгийг нь буруу захиран зарцуулсан гээд тухайн үеийн сангийн удирдлагууд хуулийн хариуцлага хүлээсэн.
Хоёр дахь удаагаа намайг сайд болоход санг байгуулах ёстой гээд дахин байгуулж байсан юм.
Тэр үед улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийг уг санд баталж өгч байлаа. Энэ мөнгөөр шахмал түлшний үйлдвэрүүдээс утаагүй шахмал түлшийг худалдан авч орлого багатай иргэдэд тараах ажлыг хийсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний шөнийн тарифыг “0”лээд Эрчим хүчний яаманд зөрүү төлбөрийг нь төлдөг байсан. Одоо бид тухайн үеийн 30 тэрбумаас 1.5 дахин илүү зардлыг төсөвлөж өгч байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл ажлаа хийгээд үз гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө хэн дуртай хүний гарын салаагаар урсаж байдаг мөнгө биш. Хийх гэж байсан ажил нь индукцийн аргаар айлуудын янданд төмөр суулгах гэж байсан. Туршилт хийгдээгүй, үр дүн нь мэдэгдэхгүй зүйлийг хэсэг бүлэг хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчих юм бол нийгэмд бухимдал үүснэ. Харин бид ипотекийн зээлийн эх үүсвэрт 15 тэрбум төгрөг нэмэгдүүлэхээр оруулсан. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс их байгаа учраас агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзээд нэмэгдүүлсэн.
-ЖДҮДС-гийн мөнгийг 47 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн юм байна. Гэхдээ үнэндээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бус Их хурлын гишүүд, сайд нарын мөнгө юм биш үү?
-Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн асуудлаас болж янз бүрийн яриа гарч байна. Үүнийг хянана, шалгана. Энэ хүмүүсээс болоод жижиг, дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрүүд байгуулах гэж гүйж байхад дуулианы далимаар бүр байхгүй болгоё гэсэн хүн ч байна. Тиймээс бид үүний эсрэг зогсч, ирэх оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн 47 тэрбум төгрөгийг маш хариуцлагатай, хяналттай олгох ёстой гэж үзэж байгаа.
-Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий гэгдэх “МАК” компанийн “Цагаан суварга”-ын орд руу 220 киловаттын цахилгааны агаарын дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөсөн гээд шуугьж байна. Өмнө нь концесс нэрээр хэл ам таталж байсан уг төсөл төсөв өргөн барихад орж ирээгүй хэрнээ Яармагийн төрөх эмнэлгийн төсвөөс хоёр тэрбум, Чойр дэд станцын төслөөс таван тэрбумыг нэмж суулгахаар болж. “МАК”-ийн энэ ажил хийгдээд дууссан бол мөнгийг нь өгч болох ч ажил нь ч эхлээгүй компанид мөнгө өглөө гэж байна л даа...
-Нэг зүйлийг онцолж хэлье. Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй. Гадуур ташаа мэдээлэл яваад байна. Зарим нэг хүн “МАК” компанид 79 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт суулгасан байна гэх юм. 79 тэрбум төгрөгийн ямар ч асуудал байхгүй. Тус компани Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбосон юм билээ.
Ажил нь дуусаад бараг хоёр жил болчихоод байхад нэг ч төгрөг улсаас аваагүй юм байна. Хувийн хэвшлийнхэн ажлаа дуусгасан бол төр мөнгийг нь өгөх ёстой биз дээ. Төр нь хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгөлгүй луу унжаад байж болохгүй.
Нэгэнт ажлаа дуусгаад хоёр жил болчихсон юм чинь гээд ажлын хэсэг дээр ярьж байгаад Чойр дэд станцын төслийн мөнгөнөөс таван тэрбум, Яармагийн төрөх эмнэлгийн мөнгөнөөс хоёр тэрбумыг нэмээд долоон тэрбум төгрөг суулгасан. Яармагийн төрөх эмнэлгийн ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа юм билээ. Концесс гүйцэтгэж буй компани нь өмнөх ажлаа дуусгаагүй байж төсвөөс мөнгө авахаар орж ирсэн. Хуулиараа ажлаа дуусгаад мөнгөө авах ёстой. Тиймээс тэр төсвөөс нь хоёр тэрбумыг шилжүүлж суулгахаар болсон.
-УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг мөн Нарны хороололд сургууль, цэцэрлэг барьснаа улсад шахлаа гэж байна...
-Ер нь зарим нэг мэдээллийг саармагжуулахаар зорилттой мэдээлэл гарч байх шиг байна. Дээр хэлсэнчлэн төсвийн зардлыг нэмсэн юм байхгүй. Нэг ч төгрөг нэмээгүй. Ажлын хэсэг дээр ярьж байгаад суусан зардлуудаас дотор нь зохицуулалтуудыг хийсэн. “Хурд” групп 960 сурагчийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барьсан юм билээ. Үүнд нь аудит хийгдээд төсөвт өртөг, үнийг нь тогтоочихсон байсан. Нэг үгээр хэлбэл ямар ч асуудалгүй төсөвт өртөг нь үнэн гээд бүх бичиг баримт нь байна лээ.
Сургууль, цэцэрлэг дээр нь очиж үзсэн ажлын хэсгийн гишүүд Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн бүтээн байгуулалт хийгдсэн байна гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв дээр тэр энэ гишүүний тойрог, энэ миний тойрог гэсэн талцал хуваагдалгүй, зөвшилцлийн замаар шийдэж чадаж байгаа нь давуу тал. Аль нэг намын гишүүн энэ тэр гэж ялгаж, хэн нэгнийг нь илүү дэмжсэн төсөв биш шүү.