Тэргүүлэгчид хуралдаж, аудитын дүгнэлтийг хэлэлцэв
2018.11.21

Тэргүүлэгчид хуралдаж, аудитын дүгнэлтийг хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулгыг сонсов.

2016 болон 2017 онд албан хаагчдын тоо дараалал өссөн үзүүлэлтэй ч тус өсөлт энэ онд буурсан талаар нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга,  тэргүүлэх аудитор С.Энхбаатар хэлэв. Илэрсэн зөрчлөөс дурдвал дүүргүүдийн Засаг дарга нар нэг орлогчтой байхаар хуульд заасан ч зарим нь орон тоог хэтрүүлэн баталжээ. Мөн агентлагийн дарга нар төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр гаргасан Засгийн газрыг тогтоолыг зөрчиж, дэд болон орлогч нарын тоог хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Харин бүтэц зохион байгуулалтын тухайд "оновчтой" хэмээн дүгнэсэн байна. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулгыг сонсоод "Шаардлагатай бүтцийг бий болгож, шаардлагагүйг нь татан буулгаж, үйл ажиллагааг нь нэгтгэх талаар бид ажиллаж байгаа. Аудитын байгууллагын зүгээс ч ийм зорилго тавин ажиллаж байгаа болов уу. Гэвч аудитын байгууллага зарим зүйлийг орхигдуулжээ. Танилцуулгад чиг үүргийн давхцлыг зөвхөн тухайн байгууллагын дүрэмд үндэслэн гаргасан байна. Энэ бол явцуу дүгнэлт. Байгууллагуудын үйл ажиллагааны зорилтоос эхлээд тухайн байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолт ямар байна вэ гээд нарийн дүгнэлт гаргах ёстой. Мөн гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн нэгжийг ч шалгах ёстой. Тэдний үйл ажиллагаа нийслэлийн төсвийн оролцоотой, удирдлагыг нь нийслэлийн Засаг дарга томилдог. Эргүүлээд тэд нийслэлд ажлаа тайлагнадаг. БНХАУ-ын  хөнгөлттэй зээлээр барьж буй гүүрийн ажилд ч хяналт тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын таван хувь нь нийслэлээс гарч байгаа. Тиймээс төсөв хөрөнгийг зориулалтаар нь зарцуулж байгаа, эсэхийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Мөн энэ удаагийн хуралдаанаар "Гудамж" төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулсан 14 байршлын, 50 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ