2018.11.21

Б.Баттөмөр: Төмөр замын ачаалал 10 дахин өсөөгүй байхад яагаад гэнэт онцгой татварын хэмжээ 10 дахин өсөв?

Өнөөдөр /2018.11.21/ Төсвийн байнгын хорооны хурлаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Б.Баттөмөр: 2014 он хүртэл онцгой албан татварт 2.2 тэрбум төгрөг жил болгон төлж байсан. 2015 он болонгуут 20 тэрбум болсон байна. Судалгааг үзэхээр жилд төмөр замын ачаалал 10 дахин өсөөгүй байхад яагаад гэнэт онцгой татварын хэмжээ 10 дахин өсөв? 

Мон П-1, Мон П-2 төслүүд дээр гэрээний дагуу тооцсон зээлийн алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр 73.8 тэрбум төгрөгийг суутгасан байна. Гадаад зээлийг буцаж төлөх болон Монгол Улсын зээлийн буцан төлөлттэй холбоотой эрсдэл үүсгэх, гадаад өрийн дарамтанд орох үзүүлэлттэй харшлах юм байна уу? Засгийн газар юу гэж бодож байна вэ? 

Ажлын хэсэг: 2014 онд 2.2 тэрбум төгрөг, 2015 онд 20 тэрбум болсон. Ачаа тээврийн хэмжээ тодорхой хувиар өсч байгаа. Мэдээж энэ бол шууд нөлөөлөл биш. Гол шалтгаан нь татварын хэмжээ болон валютын ханшны зөрүүнээс нэмэгдсэн. Алдангийн хэмжээ бас байна. Нийт алдангийн хэмжээ 27.2 тэрбум байна.