"УИХ-ыг тараах бичигт 15 гишүүн гарын үсэг зурсан"
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын гишүүд өнөөдөр /2018.12.26/ мэдээлэл хийлээ. Тэд МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж удирдлагаа сонгосон талаар мэдээлэл хийлээ. Тус холбооны хурал арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хуралдаж, удирдлагаа сонгосон байна. Холбооны тэргүүнээр Ж.Мөнхбат сонгогдсон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогджээ. Мөн тус холбоо ирэх нэгдүгээр сараас эхлэн намынхаа гишүүд дэмжигчдийг сонсох аяныг орон даяар эхлүүлэхээр болсон байна. МАН бол зөвхөн хэдхэн дарга нарын нам биш, улс төрийн лидерүүдээ дагасан фен клуб биш. Энэ нам бол гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл сонирхолд зохицуулан ажилладаг гэдгийг ойлгуулах зорилготой юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо анхны хуралдаанаа хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Намын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар хоёр зүйл бүхий уриалгыг гаргасан. Энэ уриалга нь МАН-ын бүх шатны байгууллага, нийт гишүүддээ намын дээд түвшинд үүссэн талцал хуваагдал нь намын бүх шатанд халдварлагдаж байна. Намын дүрэм, журмыг зөрчсөн, хуйвалдааны замаар асуудлыг шийдэж байна. Тиймээс нэг зарчим, нэг үгтэй, гишүүд дэмжигч төвтэй нэгдсэн МАН-ыг авч үлдэж, их эеийг эрхэмлэх уриалга гаргасан. Мөн ахмадаа сонсч, дунд үеэ дэмжиж, залуусаа түшиглэдэг МАН албан тушаалын барьцаанд намын хэрэг шийдэгдэх болсон энэ үед их эеэ эрхэмлэх, жирийн гишүүд дэмжигчид, ард түмний саналыг үндэслэн гаргах уриалгыг гаргасан. Түүнээс гадна Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, МАН-ын бүлэг болон намын удирдлагадаа гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад, УИХ болон орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нягталж, биелсэн, биелээгүйгээр нь ялгаж 2018 оны намрын чуулган завсарлахаас өмнө биелүүлж ажиллахыг шаардаж байгаа юм. Мөн төрийн ажлыг үгсэн гацааж байгаа үйлдэлд МАН-ын бүлгийн бүх гишүүд дүгнэлт хийж, шударга ёсны зарчмыг баримтлан биелүүлэх. Намын удирдлагыг хооронд нь хагаралдуулж байгаа зарим гишүүд энэ үйлдлээ таслан зогсоох, жирийн бизнес эрхлэгчдийн авах ЖДҮ-ийн зээлийг авсан намын болон намын удирдлагуудад хариуцлага тооцож, намын нэр хүндийг цэвэрлэхийг шаардсан шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй байх, 2019 оны хаврын чуулганаас өмнө намын хагарал хэвээр байх юм бол улс төрийн тайван тэмцлээс хурц хэлбэр хүртэл тэмцэх болно гэдгээ мэдэгджээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж, төрийн үйл ажиллагаа гацсан ийм үед МАН дотооддоо үл ойлголцолтой, төрийн бодлого шийдвэрийн талаар авч байгаа арга хэмжээ байхгүй байна. Гэтэл та бүхэн улс орны эрх ашиг биш зөвхөн өөрсдийн дотоод хэрүүлийг байнга хэвлэлээр ярьж байна. Энэ асуудлаа хэзээ зогсоох вэ?
-Монгол Улсын парламент хүнд байдалтай байгаа. гацаа арилах ёстой гэдэг зарчмыг баримталж байгаа гишүүдийн төлөөлөл нь би. Намын бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьсан. Харамсалтай нь манай намын хэсэг гишүүд УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурчихсан, гацаад байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ч мөн хэлсэн байгаа. Гишүүдийн тавьсан шаардлагыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Би гишүүнийхээ хувьд үнэхээр ойлголцож чадахгүй бол Засгийн газар нь огцорч, УИХ нь тараад ард түмнээрээ дүнгээ тавиулах хэрэгтэй. УИХ бол ард түмнээс сонгогддог, Засгийн газрыг УИХ томилдог. Үнэхээр хэл амаа ололцохгүй бол бүгдээрээ тарах хэрэгтэй. Тиймээс ч би УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор энэ гарын үсэг 15 болсон байгаа. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.
-Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байгууллаа гэж байна. МАН бол өөрөө төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага дотор дахиад ТББ байгуулж болдог юм уу. Ер нь танай нам дотор жигүүр, холбоо, хороо маш олон байгаа шүү дээ. Юугаараа ялгаатай юм бэ?
-Бид цаашид нам болохгүй. Гишүүд дэмжигчиддээ үйлчлээд явна. МАН дотор олон холбоо, хороо, жигүүр байдаг. Тэдний нэгэн адил төрийн бус байгууллага байгуулж, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байгаа. Бид гишүүд дэмжигчдийнхээ хүсэл зорилгод нэгдэн ажиллана.
–МАН сөрөг хүчин байхад та ам.долларын ханш, давхар дээл зэрэг маш олон асуудлыг эсэргүүцэж, гардан зохион байгуулж байсан. Гэтэл та одоо энэ асуудлыг ярихгүй байна. Энэ нь таны ёс зүйтэй хэр нийцэж байгаа юм бэ?
-Тийм ээ, би маш олон жагсаал, цуглаан хийж байсан. Давхар дээлийг хязгаарлах, хар машиныг шатаах гэх мэт олон асуудлыг тавьж байсан. Давхар дээлийг 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар барьж ажиллаж байсан юм шүү. Ойрын хэдэн жилийн түүхэнд давхар дээл багатай Засгийн газар байсан. Харамсалтай нь жилийн өмнө байгуулагдсан Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байна. Би үүнийг нь эсэргүүцээд асуудал тавиад байгаа юм. Одоо томилоогүй байгаа сайд нарынхаа оронд ч дан дээлтэй сайд тавих шаардлагыг тавьж байсан. Би бас ам.долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр ам.долларын ханш өссөн байгаа учраас Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт хэлж, сануулсаар байгаа.
-Таны зохион байгуулсан хурлын үеэр маш их мөнгө тараагдсан гэсэн мэдээлэл байна?
-Мөнгө тараасан гэдэг асуудал нэрээ нууцалсан, зохион байгуулалттайгаа явуулсан. Энийг хаанаас хийж байгааг нь би мэдэж байгаа. Надад тараах мөнгө алга. Энэ бол зохион байгуулалттайгаар манай намын цагаан байрнаас хийсэн гүтгэлэг.
Ш.ЧИМЭГ