УИХ-ын даргыг 48 цагийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй бол жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв
Өнөөдөр /2018.12.25/ УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол Пүрэв гарагийн 11:00 цагт Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Жагсаал зөвхөн М.Энхболдын эсрэг биш МАНАН бүлэглэлийн эсрэг зохион байгуулж байна гэдгээ гишүүд онцоллоо. Мөн жагсаалыг тайван замаар зохион байгуулах бөгөөд үймээн самуун болгох зорилготой МАНАН-гийн үйлдэлд автахгүй байхыг иргэддээ сануулав.
Түүнчлэн зөвхөн энэ долоо хоногийн Пүрэв гарагт биш, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа буутал долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Т.АЮУРСАЙХАН: ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНЭЭС ЭМЭЭЖ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ ЗАМНАЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.
УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг шаардсаар 1 сар орчим хугацаа өнгөрч байна. Монголын төр, нийгмийн удирдах албан тушаалтнууд ёс зүйн хэм хэмжээг ягштал баримталж, аливаа алдаа дутагдал гаргавал хариуцлагаа сайн дураар хүлээдэг тогтолцоонд шилжих замналыг эхлүүлж байна. Үр дүн ч эхнээсээ гарч, зарим байгууллагуудыг дарга, Засгийн газрын гишүүд заавал хуульд заасан үндэслэл шаардахгүйгээр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна. Ёс зүйн хэм хэмжээнээс эмээж, хуулийн хариуцлага хүлээдэг байхыг бид шаардаж байна. Үр дүнд нь ч хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгдөж болдог хуультай. Бид хуулийн дагуу шаардлага тавьж байна. Бидний шаардлагыг дэмжиж, тэмцэлд нэгдэж байгаа нийт гишүүддээ, иргэддээ талархаж байна. 100 орчим ТББ, нэгдэл, хөдөлгөөн биднийг дэмжиж гарын үсэг зурсан. Тэд шударга ёсыг тогтоох зорилготой, олон нийтийн ил тод байдлыг хангах зорилгоор нэгдсэн.
Л.БОЛД: 1990 ОНЫ ТЭМЦЛЭЭС ДУТАХГҮЙ ХУВЬСГАЛ БОЛНО
МАНАН-гийн төлөөлөгч болж, монголын төрийг барьцаалсан М.Энхболдыг огцрох шаардлагыг танилцууллаа. Бид 48 цагийн хугацаа өгч байна. Монголын төрийг гацаанаас гаргаж, ард түмнийхээ шаардлагыг биелүүлж, монголын ард түмний эрх ашгийг дээдлэх үүргээ биелүүлэх бололцоог гаргаж өгч байна. Үгүй бол Пүрэв гарагийн 11:00 цагт жагсаал зохион байгуулахаар холбогдох байгууллагуудад шаардлагуудыг өгсөн. Энэ Бямба гарагт Монголын тусгаар тогтнолын их үйлсийн 107 жилийн ой болно. 1911 оноос хойш бид эх орныхоо зээн байх, тусгаар тогтносон улс байх, ирээдүйгээ өөрсдөө мэддэг байх эрхийн төлөө тэмцсэн. Олон эх орончид үүний төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн. Өнөөдөр энэ тэмцлийн үргэлжлэл гэж харж байна.
МАНАН гэдэг монголын төрийг барьцаалагчид, монголын өмчийг дээрэмдэж байгаа бүлэглэл гэдгийг бид бүгд харж байна. Үүний эсрэг монголын хүн бүр тэмцэх ёстой. Дуу хоолойгоо нэгтгэж Сүхбаатарын талбай дээр тайван замаар байр сууриа илэрхийлнэ. Энэ бол та бидний ялалт байх болно. Монголын ард түмэн язгуур эрх ашиг болсон орд, баялагаа авах, эх орондоо эзэн суух цаг ирсэн.
Ж.БАТЗАНДАН: ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ МОНГОЛЫН ТӨР ХАНГАСАН ЖАГСААЛ БАЙХ БОЛНО
Энэ Пүрэв гарагийн 11:00 цагт Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглааныг зохион байгуулахаар УИХ-ын 5 гишүүн иргэний нийгмийн байгууллагуудтай хамт ажилдаа орж байна. Жагсаал цуглаан зохион байгуулахын тулд холбогдох засаг даргаас мэдэгдэх хуудас, зөвшөөрлийн бичиг авдаг. Эдгээр процедурын ажлууд явж байгаа. Жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн удирдлагууд, ТЕГ, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагуудтай уулзаж, аюулгүй байдлыг хангуулах, уагсаал цуглаанд оролцогчдын эрхийг хангах талаас бичгээ албан ёсоор явуулж байна. Өнөөдөр болон маргааш уулзалтаа хийнэ. Пүрэв гарагийн 11:00 цагийн жагсаал тайван жагсаал байх болно. Иргэдийн аюулгүй байдлыг монголын төр хангасан жагсаал болно. Энэ талаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд орохгүй байхыг иргэдээсээ хүсч байна.
Бидний хувьд өнөөдөр МАНАН бүлэглэлийн боол нь байх уу, монголдоо эзний ёсоор амьдрах юм уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Гадныхантай нийлсэн МАНАН бүлэглэлийнхэн монголчуудыг боолчилж байна. Энэ бол Монголын бүх эх орончдын жагсаал юм. МАНАН дэглэмийн эсрэг монголчууд олуулаа гэдгийг харуулах болсон. Нэгдэж чаддаг гэдгийг харуулах цаг болсон..
Х.НЯМБААТАР: МАНАН-Г ХАМГААЛАГЧ НЭГ ТОМ ИНСТИТУЦИ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БОЛСОН
УИХ-ын даргыг ажлаа өг гэх шаардлагыг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн тавьж, гарын үсэг зураад, УИХ-ын үйл ажиллагаанд оролцоогүй. Үндсэн хуулийн 1.6-д төрийн үйл ажиллагааны үндсэн 6 зарчим бий. Ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх чөлөө, тэгж байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гэсэн 6 зарчим бий. Энэ зарчмууд бүхэлдээ зөрчигдөж байна. УИХ-ыг 76 тойрогт хуваагаад, бүгд шударга ёсны төлөөлөл болгож, саналын мандат, ард түмнийг төлөөлөх эрхийг ндсэн хуулиар олгосон. Гэтэл өнөөдөр 40 хүний саналын эрх 1 хүний эрхийг давахгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд зөрчигдөж байна гэдгийг харуулж байна. 1 хүний суудлын үнэ цэнтэй хууль тогтоох дээд байгууллага аль ч улсад байхгүй. Манайд 40 гишүүнээс үнэ цэнтэй УИХ-ын даргын суудал байна. 2000 онд ийм өөрчлөлт ороод өнөөдөр УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илүү бат бөх суудлын эзэд болсон. Тиймээс ч үе үеийн намын дарга нар УИХ-ын дарга гэдэг суудалд шунан дурлаж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хамтад нь барьдаг тогтолцооны гажиг руу явсан. Өнөөдөр болж байгаа энэ тэмцлээрээ цаашид хууль тогтоомжийн хүрээнд засч залруулах, парламент өндөр хөгжсөн орнуудтай адил зөвхөн спикер гэдэг статусыг бий болгохын төлөө бидний тэмцэл явж байна.
МАНАН-г хамгаалагч нэг том институци бол Үндсэн хуулийн цэц болсон. УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээллийг төрийн нөдөрлөгүүдээс Үндсэн хуулийн цэцэд явуулсан. Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг онцгой журмаар зохион байгуулж, их суудлын хуралдааныг зарлах ёстой атал өнөөдрийг хүртэл зарлалгүй төрийн үйл ажиллагааг гацаасаар байна. Улсын дээд шүүийн шүүгч Зоригтыг улираан суух шийдвэрийг 7-хон хоногийн дотор гаргасан. Өөрсдийн эрх ашгийн асуудал дээр цэц ийм байр суурийг илэрхийлдэг. Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр түхэндээ анх удаа иргэний нэхэмжлэл гаргасан шийдвэр гаргасан. Эзэндээ үйлчилдэг төрийн тогтолцоо, төрийн институциудын төлөө бидний хүч мөхөстөж байгаа учраас иргэний нийгэмлэгийн б айгууллагууд, иргэдтэй хамтдаа гарч тэмцэл явуулъя гэдэг шаардлагыг тавьж байна.
Үндсэн хуулийн Цэц Оюутолгой, Эрдэнэтийн 49, 51 хувьтай асуудал бол нарийн төвөгтэй, ээдрээтэй хэрэг учраас маш их цаг орно гэсэн тайлбар өгч байна. Шүүгч нарын хууль бусаар хөрөнгөжсөн асуудлыг хаваржин хөндсөн ч нэгийг нь ч шалгаагүй. Үндсэн хууль болон жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг сахих ёстой. Хууль бус тэмцэл өрнүүлэх асуудал яригдаагүй.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НЭГ АЛБАН ТУШААЛТАНД БУУЖ ӨГДӨГ АРД ТҮМЭН БАЙЖ БОЛОХГҮЙ
Нэг албан тушаалтанд бууж өгдөг ард түмэн байж болохгүй. Илэрхий авилгын хэрэгт бууж өгдөг шударга ёс байж болохгүй. Олон үнэн харагдаж эхэлж байна. 60 тэрбумын хэрэг дээр дууг нь дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гээд хаачихсан байсан. Одоо бол огт хэрэгжээгүй гэж ярьж байна. Энэ систем хэрэгжсэн гэж бодож байгаа.
Бид арга буюу энэ тэмцлийг зохион байгуулах болж байна. Энэ удаад үгүй гэж хэлэхгүй бол дахиж үгүй гэж хэлж чадахгүй болж, бурангуй систем улам хүчтэй болно.
5-6 сарын туршид бүх хандах ёстой байгууллагад хандсаны эцэст өнөөдөр ард түмэндээ хандаж байна. Олон сэхээтнүүд жагсаалд нэгдээсэй гэж бодож байна. Олон залуус ирээсэй гэж бодож байна. Монгол Улсын төр аюулгүй байдлыг нь хангах ёстой. Бид шинэ нийгэм рүү явах ёстой. Жагсан цуглах эрх чөлөөгөө эдлэх ёстой.
4 дэх өдөр бүхэн энэ жагсаалаа хийх болно. Бид бууж өгч болохгүй, шантарч болохгүй. Урагшлах уу, ухрах уу гэдэг зааг дээр байна. УИХ-ын 40 гишүүн нэгдээд, ажиллах боломжгүй гээд байхад албан тушаалаасаа өгөхгүй гээд байгаа нь энэ хүний цаана ямар их эрх ашиг байгааг харуулж байна. Ерөнхий сайд хамт ажлаа өгье гэж байхад үгүй гэж хэлж чаддаг эрх ашиг байна. Үүнийг бид МАНАН мөлжлөгийн систем гэж нэрлээд байна.