2018.12.26

Л.Болд: Бид одоо л төрөө цэвэрлэж авахгүй бол дараа гэж байхгүй

УИХ-ын даргыг ажлаа өгөхгүй бол Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна гэдгээ УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Болд өгчээ: 

-УИХ-ын дарга 48 цагийн дотор ажлаа өгөхгүй бол 28 жилийн дараа та эргээд тэмцэгч хийх нь. Яагаад энэ замыг сонгох болов?

-28 жилийн өмнө эхлүүлсэн үйл хэргээсээ боллоо. 1990 оны хувьсгалд орж байхад би тухайн үедээ хамгийн залуу гишүүний нэг. Хатуу тэмцэл хийх л сонирхолтой байсан. Тэр үед нас ах, туршлагатай зохион байгуулагч нар эв эеэ олно, хэлэлцээний замаар явна гэж байсан. Түүнд би итгэхгүй байсан. Гэхдээ 3 сарын 09-ний орой Батмөнх дарга огцорсон. Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Тэр үеийн парламент хуралдаад, монголын нийгэм ардчилсан шинэ тогтолцоонд шилжиж, ард түмэн эрх чөлөөгөө олж авсан. 

Гэхдээ ардчилсан үндсэн хууль, ардчилсан тогт\олцоо нь ийм өтгөн "манан" үүсгээд, ард түмнийг төөрөлдүүлээд, хуулийн замаар хулгай хийх дэглэм тогтсоныг бид нүдээрээ харлаа. Энэ нь сүүлдээ хэлбэршээд төрийг гартаа оруулж, хууль хяналтын байгууллагыг гартаа оруулж, мафижсан бүлэглэл болж хувирсан.