Батлан хамгаалахын сайд Н.Энхболд юу хийв
2019.01.03

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд юу хийв

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад  Батлан хамгаалах яамны өнгөрөгч 2018 онд хийж хэрэгжүүлсэн голлох ажлыг онцолж байна.

ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА 

“Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хууль”-ийг шинээр батлуулж, “Дайчилгааны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын төрийн цэргийн номлол” баримт бичиг батлагдсан. Түүнчлэн “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Батлан хамгаалах салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны дүрэм, заавруудыг шинэчлэн батлуулав.

МОНГОЛ ЦЭРЭГ УЛС ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын барилгын ажлыг гүйцэтгэх замын хээрийн ангийн орон тоог боловсруулан баталгаажуулж, ангийг бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангаж, тус нутагт шилжүүлэн байрлуулав.

УРГАЦ ХУРААЛТАД ЗЭВСЭГТ ХҮЧИН

Дөрвөн аймгийн 18 сумын нутаг дэвсгэрт 40 гаруй аж ахуй нэгж, байгууллага, таван иргэнд Зэвсэгт хүчний 11 ангиас 42 офицер, 12 ахлагч, 1165 хугацаат цэргийн алба хаагч, нийт 1219 цэргийн алба хаагчийг тодорхой хугацаанд ажиллуулжээ.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Цэргийн алба хаагчдын 19 нэр төрлийн хувцас хэрэглэлийн загварыг өөрчилж, гурван нэр төрлийн хувцас хэрэглэлийн загварыг шинээр нормд оруулахаар тусгажээ. Ингэснээр хувцасны өнгө үзэмж сайжирч, хувцас хэрэглэлийн нэр төрөл нэмэгдсэн.

“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ  ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус форумыг манай оронд анх удаа зохион байгуулсан бөгөөд АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Шинэ Зеланд зэрэг орны 40 гаруй зочид төлөөлөгч, АНУ, БНСУ, Япон улсын батлан хамгаалахын атташе нар, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ҮБХИС, БХЭШХ, ШУТИС, Монгол-Германы хамтарсан Уул уурхай, технологийн сургууль зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, үндсэн болон хавсралт 20 орчим илтгэлийг хэлэлцсэн.

 ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ ӨРГӨЖЛӨӨ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын 2008 онд хийсэн айлчлалаас хойш 10 гаруй жилийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж,  Монгол Улс, ОХУ-ын Цэргийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав.  Монголын Зэвсэгт хүчинд 13,4 сая ам. долларын өртөг бүхий цэргийн нисэх буудлын газрын үйлчилгээний машин техникүүд, нислэгийн алсын болон ойрын удирдлагын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүлэн хүлээлгэн өгсөн юм.

ГАДААДЫН ОРНУУДЫН ЦЭРГИЙН ДЭЭД УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула фон дер Лайн тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Мөн БНКазУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал М.Ж.Майкеев Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийснээр хоёр улсын цэргийн харилцааг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой боллоо.

ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН СУРГУУЛИУДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад болон гадаад орнуудад олон улсын хамтарсан “Хааны эрэлд”, “Сэлэнгэ”, “Шийдэмгий шийдвэр”, “Зам”, “Баланс мэжик”, “Энхийн элч”, Бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Нүүдэлчин заан” зэрэг сургууль тус тус зохион байгуулагдаж, давхардсан тоогоор дэлхийн 30 гаруй орны 2000, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1300 орчим, нийт 3300 орчим цэргийн алба хаагч, 300 орчим нэгж техник оролцсон.

Э.ЖОНОН