Нийслэлийн цагдаагийн газрынхан ажлаа дүгнэв
2018.12.25

Нийслэлийн цагдаагийн газрынхан ажлаа дүгнэв

Нэгэн он улирч буй эдгээр өдөрт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд алдаа, оноогоо дэнсэлж, ирэх жилд амжилтаа хэрхэн бататгахаа хэлэлцэж байна. Өнөөдөр (2018.12.25-ны өдөр) Нийслэлийн Цагдаагийн газрын хамт олон тайлангийн хурлаа хийж, зарим ажилтнаа урамшуулав.

Нийслэлийн Цагдаагийн газрынхан 2018 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, боловсон хүчнийг чадавхжуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, алба хаагчдын ажлын харицлага, сахилга ёс зүйд тавигдах шаардлагыг өндөржүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэн иргэдийн итгэлийг хүлээн, олон нийтийн хамтын ажиллагааг баримтлан ажиллах жил болгосон. Үүний дагуу хийж хэрэгжүүүлсэн олон ажил үр дүнгээ өгч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буусан үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тайлангийн хуралд оролцож, “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн байгууллагад шаардагдаж буй хөрөнгийг шийдвэрлэж, техник, хэрэгслийг сайжруулах ажлыг энэ онд нэлээд хийлээ. Заримаас нь дурдвал, олон нийтийн цагдаа ажиллуулахад шаардлагатай нэг тэрбум, хэв журмын болон оюутан цагдааг ажилуулахад 250 сая орчим төгрөгийг шийдэж өгчээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг камержуулах ажилд 170 орчим сая төгрөг шийдэж өгсний зэрэгцээ албан хэрэгцээнд машин, техник гээд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ. Нийслэлийн иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд олон ажил хийх ёстой. Тэр бүхэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцдог. Амар тайван амьдралын манаанд зогсож буй та бүхнийхээ ажилд амжилт хүсье" гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ