ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эрхэлсэн салбарынхаа цаашдын хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана
2019.01.14

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эрхэлсэн салбарынхаа цаашдын хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурал өнөөдөр (2019.01.14) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлсэн юм.

Хурлын эхэнд, дэд сайд Ж.Сауле: "Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд төрийн албыг тасралтгүй удирдлага, зохион байгуулалтаар хангаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар тухай бүрд Засгийн газарт танилцуулж байв. Энэ онд Бэлчээрийн тухай, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуй үйлчилгээ зэрэг салбарын үндэсний хөтөлбөрийг батлуулах, зарим бодлогын баримт бичгихэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн төлөө гар нийлж, амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танд хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье" гэв.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: "Миний хувьд өмнө нь хөгжлийн бодлого боловсруулах, салбар дундын зохицуулалтын асуудал эрхэлсэн эдийн засгийн төв байгууллага, яамдад ажиллаж байсан бол одоо бодлого хэрэгжүүлэх, хөгжлийг бүтээх бодит салбарт ажиллах болсон нь завшаантай бөгөөд ховорхон олдох боломж гэж бодож байна. Тиймээс төрийн албыг зөв удирдан, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, энэ салбарт төрөөс хуваарилсан төсвийн хөрөнгө, татвар төлөгч, ард түмний мөнгийг үр дүнтэй захиран зарцуулахын төлөө хичээн ажиллах болно.

Эрхэлсэн асуудал, тэргүүлсэн яамныхаа бодлого, үйл ажиллагааг төр, засгийн анхаарал, дэмжлэгийн төвд байлгаж, үр дүнгийг нь дээшлүүлэхэд өдөр тутам анхаарал хандуулна. ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн дүүрэн биелүүлж, эрхэлсэн салбарынхаа цаашдын хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана.

Өмнөх алдаатай бодлого, үйл ажиллагааг засах, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх, хууль бус үйл ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсоох, завхралыг давтан гаргуулахгүй байхад онцгой анхаарна. Энэ бол миний хуулиар хүлээсэн үүрэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр бол нөхөн сэргээгддэг, материаллаг баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээлч, түүхэн уламжлалтай, өндөр нэр хүндтэй, улсын тэргүүлэх салбар бөгөөд энэ салбарын яам бол төрийн чухал институц. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр хэмээх том салбар, салбарын яамыг удирдах, хариуцлагатай шийдвэр гаргахад;

    1. Хууль тогтоомжид нийцсэн;

    2. Бодит баримт, судалгаа, нотолгоонд тулгуурласан;

    3. Шинжлэх ухааны үндэслэл, технологийн дэвшилд үндэслэсэн байна.

Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу төрийн албыг бүрдүүлэх, ажилтнуудыг сонгон шалгаруулах, томилох, үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, урамшуулж дэмжих, хариуцлага тооцоход чадахуйн зарчмыг хатуу баримтална. Зөвд зөөлөн, бурууд хатуу байхыг ямагт хичээнэ. Хичээл, зүтгэл, бүтээлч санаачилгыг бүх талаар дэмжинэ. Худал хуурмаг, цалгар назгай, эмх замбараагүй байдлыг үл тэвчинэ. Хууль бус, балмад залхай явдалтай хатуу тэмцэнэ. Ажил хэрэгч шүүмжлэл, зарчимч, бүтээлч шаардлагыг хүлээж авна. Ажил, амьдрал "Үнэн"- ийн шалгуур байдаг. Бодит үр дүнгээр ажлыг үнэлнэ. Амжилт хүсье" гэлээ.

Энэ ч үүднээс төрт ёсны уламжлал, дэг жаяг, захирах, захирагдах ёсыг чанд баримтлах, ашиг сонирхлын зөрчил, улс төрийн үйл ажиллагаанаас ангид байж, үр бүтээлтэй, шударга, ил тод ажиллах, өндөр ёс суртахуунтайгаар, чирэгдэлгүйгээр төр, ард түмэнд үйлчлэхийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг яамны удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагынхандаа даалгасан юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үг хэлж дууссаны дараа, хурлыг удирдаж Дэд сайд Ж.Сауле: "Монголын төрд 40 гаруй жил хүчин зүтгэсэн эрхэм сайдын тавьж буй зарчмын шаардлага жинтэй байна. Одоо бидэнд Сайдынхаа хурдыг гүйцэж ажиллах л үлдлээ" гэж нэмж хэлэв.