БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
2019.01.18

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Салбар яам 2017-2018 оныг Багшийн хөгжлийн жил болгон зарласан бол 2018-2019 оныг Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” жил болгон зарласныг онцолж өнгөрөгч онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт авч хэрэгжүүлсэн бодлогын чанартай ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж, цалинг 8-36 хувиар нэмэгдүүлсэн, тусгай хэрэгцээт боловсролд чиглэсэн цогц бодлого явуулж эхэлсэн, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг шинээр оруулж эхэлсэн, боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглалтад оруулсан, ингэснээр салбарын үйл ажиллагаатай холбоотой бүх бүртгэл, тайлан мэдээ нэгдсэн системд цугларч, бодит тоо баримт бүхий мэдээллийн нэгдсэн сан бүрдсэн, ЭЕШ-ыг шууд засах технологийг анх удаа нэвтрүүлсэн, Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй олгож байх шийдвэрийг гаргасан, гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлэг олгох ажлыг нээлттэй, ил тод зохион байгуулдаг болсон, төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, судалгаанд суурилсан их сургуулийг хөжгүүлэх хөтөлбөр батлагдсан, соёлын биет бус өвийг хадгалан, хамгаалах, өвлүүлэх цогц бодлого хэрэгжиж зэрэг бодлогын чанартай томоохон ажлуудыг онцоллоо.

Түүнчлэн 2018 он боловсролын салбарын тухайд Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил байсныг онцоллоо. Улсын төсвөөр 320 төсөл, арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд,

  • Цэцэрлэгийн орны тоог 4180-аар нэмэгдүүлж, нийт 29 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан,
  • Сургуулийн суудлын тоог 8308 хүүхдээр нэмэгдүүлж, 14 сургуулийг шинээр ашиглалтад оруулсан бол  
  • 2019 онд нийт 137 цэцэрлэг баригдаж, хүчин чадал 19640-ээр, ерөнхий боловсролын 57 сургууль баригдаж, хүчин чадал 21148-ээр нэмэгдэх төлөвлөгөө гарсныг танилцууллаа.

2019 оны салбарын төсөв, хөрөнгө оруулалт ихээхэн онцлогтой болж буй. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажил, төсөл арга хэмжээнүүдийг 100 хувь орон нутагт эрх шилжүүлж байгаагаас гадна, 

  • Салбарын харьяа орон нутаг дахь байгууллагын байр ашиглалттай холбоотой зардал болох нийт 127.0тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүллээ. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулах, өмч эзэндээ ойртох алхам бүрдсэн төсвийн шинэ бодлого орон нутагт хэрэгжих нөхцөл бүрдлээ.
  • Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд нэмэлт орсны дагуу Соёл, урлаг болон Биеийн тамирын салбарын төсөв бүхэлдээ орон нутгийн төсөвт хуваарилагдлаа.
  • Хөрөнгө оруулалтын хувьд, ялангуяа нийслэлд нийт 17920 хүүхдийн хүчин чадалтай 29 сургуулийн барилгын ажил хэрэгжиж дуусахаар төсөв батлагдсан нь Улаанбаатар хотод 3 ээлжтэй сургуульгүй болох зорилтыг хангахад чухал алхам болно гэж үзэж байна.

2019 онд орон нутагт батлагдсан урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийг хангаж ажиллахдаа,

  • Батлагдсан төсвөөс хэмнэгдсэн зардлыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрсний дагуу ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх, өр төлбөрийг барагдуулахад орон нутагтаа санаачилгатай ажиллах.
  • Газаргүй, зураг төсөвгүй хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл болголоо.