Ажил, мэргэжлийн хөтөч 26 магистртай боллоо
2019.01.23

Ажил, мэргэжлийн хөтөч 26 магистртай боллоо

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулах, энэ чиглэлээр зөвлөхүүдийг бэлтгэх ажлыг 2016 оноос эхэлсэн.

Энэ хүрээнд “Ажил, мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөрийг ХБНГУ, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөрт хамрагдсан анхны 26 магистр өнөөдөр /2019-01-22/ дипломоо гардан авлаа.

Магиструудын төгсөлтийн баярт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэх эрхэт Элчин сайд Штефан Дуппел болон ХНХЯ, БСШУСЯ, ХХҮЕГ, Швейцарийн Хөгжлийн агентлаг, ГОУХАН, МУИС-ийн удирдлага, хүндэт зочид оролцож төгсөгчдөд баяр хүргэв.

С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд тавьсан Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 70 хувь буюу хөдөлмөрийн насны хүм амыг хамгийн өндөр түвшинд хүргэх зорилтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжих бодлоготой уялдуулснаар хүн амын урт хугацаанд  үр өгөөжтэй, ур чадвартай хөдөлмөр эрхлэлт бий болж, амьдралын чанар дээшлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгааг онцлоод энэхүү бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх үүргийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд хариуцан хэрэгжүүлж ирснийг дуулгалаа.  

Тэрбээр төгсөгчдөд ажил, мэргэжлээ сонгох гэж байгаа өсвөр үе залуучууд, ажил хөдөлмөрийн замналаа өөрчлөхийг хүссэн хэн бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд мэргэшсэн зөвлөгөө, мэдээллээр хангах хөтөч болж ажиллахыг хүсээд “Ажил, мэргэжлийн хөтөч,  зөвлөгч, чиглүүлэгч болж буй  Та бүхэн олон улсын болон Засгийн газрын дэмжлэг, тэтгэлэгт хамрагдсан анхны төгсөгчид болж байгаа  нь том боломж бөгөөд нөгөө талаас эзэмшсэн мэргэжил, мэдлэгийнхээ үр дүнг гаргах, нэр төртэйгөөр биелүүлэх үүрэг хариуцлага  давхар оногдож байгаа гэдгийг үргэлж санаж ажиллаж явахыг хүсье” гэлээ.

Жил бүрийн төгсөгчдийн судалгаанаас харахад нийт төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт өмнөх онтой харьцуулахад 8,6 хувиар өссөн байгаа нь ажил, мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл боловч нөгөө талаас нийт ажилгүй иргэдийн тоонд залуучуудын эзлэх хувь өндөр буюу 40 хувьтай байгаа нь залуучуудын мэргэжлийн сонголтын талаарх мэдээлэл, заавар зөвлөмж хомс бөгөөд зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн хүртээмжтэй үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгааг төгсөлтийн баярт оролцсон албаны хүмүүс ярьж байлаа.

МУИС-иас уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн, бакалаврын түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байгааг мэдэгдсэн. 2018-2019 оны хичээлийн жилд танхимаас гадна зайны сургалтаар тэтгэлэгтэй сурах боломж нээгдэж, нийт 24 оюутан элссэнээс 15 нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагч юм.