Б.Ганхуяг: Тавантолгойн IPO-г Хонконгийн биржээр гаргана
2019.01.23

Б.Ганхуяг: Тавантолгойн IPO-г Хонконгийн биржээр гаргана

Өнгөрсөн долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан.

Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг  Засгийн газраас үүрэгдсэн юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж,  ахлагчаар  нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сайд ажиллаж байгаа.  IPO гаргах ажлын явц ямар байгаа талаарх мэдээллийг тус ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар, 26-нд УИХ-ын чуулганд танилцуулна гэж бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой”компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.  Тэрбээр “Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу маш сайн ажиллаж байгаа. Ажлын явцын талаарх мэдээллээ  Засгийн газарт байнга танилцуулдаг. Хүлээсэн үүргийнхээ дагуу  ажлын тайланг өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-д өгчихсөн. УИХ-аар удахгүй авч хэлэлцэх байх. Биржийн хувьд тодорхой болсон. Хонконгийн хөрөнгийн биржээр гаргах Удирдах зөвлөлийн тогтоол гарчихсан. Хоёрдугаар сарын 11-нээс  техникийн, болон санхүүгийн зөвлөхүүд ирж ажиллана. Зургаадугаар сарын 30-н гэхэд  бэлтгэл ажлуудаа дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар болон УИХ-аар орсны дараа эцэслэн шийдэгдэх байх” гэсэн тайлбарыг өглөө.