Л.Болд: Улс төрийн өлсгөлөнд 11 иргэн оролцож байгаагийн хамгийн ахмад нь 69 настай
2019.01.28

Л.Болд: Улс төрийн өлсгөлөнд 11 иргэн оролцож байгаагийн хамгийн ахмад нь 69 настай

УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүн мэдээлэл хийж байна. Өнгөрсөн баасан гарагт нэр бүхий 39 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан.

Тогтоолын төслийг хүлээн авч, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг тухайн өдрийн 13.00 цагт хуралдуулан маргааш буюу мягмар гарагт уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон талаараа мэдээлсэн.

Нэр бүхий таван гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг баасан гарагт нэн яаралтай хэлэлцүүлэх горимын санал гаргасан ч хуулийн дагуу хүлээн авах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн юм.

Маргааш УИХ-ын даргыг огцруулахгүй бол дээрх таван гишүүн өлсгөлөнд нэгдэнэ 

Энэ шийдвэртэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд суулт хийж буй иргэдээс 11 нь өнгөрсөн баасан гарагаас улс төрийн өлсгөлөн зарласан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд мэдээллээ.

Дээрх иргэд гурав дахь хоногтоо өлсгөлөн зарлаж буй бөгөөд тэдний хамгийн ахмад нь 69 настай иргэн байгаа аж. Өнөөдөр тухайн хүний биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм байна.

Иргэдийг өлсгөлөн зарлуулахгүй байх тал дээр Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд ажилласан ч иргэдийн бухимдал дээд зэрэгтээ хүрч ийнхүү өлсгөлөн зарлаад байгаа гэв.

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг маргааш дахин шалтаг шалтгаан гаргалгүйгээр хэлэлцүүлэх шаардлагатай гэдгийг тэд мэдээлсэн юм.

Өлсгөлөн зарлаж буй иргэдийн талаарх мэдээллийг амралтын өдөр таарсан тул УИХ-ын даргад мэдээлж чадаагүй бөгөөд мэдээллийнхээ дараа энэ талаарх мэдээллийг хүргэх аж.

УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байна

Дээрх нэр бүхий таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, цаашлаад Монголын баялагийг хүн бүрд хүргэхийн төлөө ажиллах бөгөөд тэд УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Баялагтаа эзэн болохын тулд хамгийн түрүүнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараа нь хууль шүүхийн байгууллагад шударга ёс тогтоохын төлөө ажиллана гэдгээ тэрбээр хэлсэн. 

Стратегийн 34 ордоо төрийн мэдэлд авч, Монгол түмэн ашиг хүртэх цаг болсон. Баялагтаа эзэн Монгол хөгжинө, баялагтаа эзэн болсон Монголчуудын амьдрал сайжирна гэж бид итгэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллээ. 

Хэрэв маргааш УИХ-ын даргыг огцруулахгүй бол дээрх таван гишүүн өлсгөлөнд нэгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.