С.Эрдэнэ: Намрын чуулганы хугацааг сунгахыг дэмжихгүй
2019.01.25

С.Эрдэнэ: Намрын чуулганы хугацааг сунгахыг дэмжихгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс зарим асуултад хариулт авлаа.

-Та намрын чуулганыг сунгах шаардлага бий гэж үзэж байна уу?

-Үндсэндээ намрын чуулган хуралдсангүй шүү дээ. Намрын чуулган хуралдаж байх хугацаанд өөрсдийгөө эх оронч, шударга ёсны төлөө тэмцэж байгаа гэсэн хэсэг нөхөд Монголын төрийн ажлыг гацааж намрын чуулган хуралдсангүй. Эрх барьж байгаа МАН дотоод зөрчил тэмцлээ болиоч ээ. Төрийн ажлыг битгий гацаагаач ээ гэдэг шаардлагыг АН удаа дараа тавьсан.

Нэг намын дотоод зөрчлөөс болж Монголын төрийн ажил гацахыг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы гуравны нэг олон хоногоор чуулгандаа суугаагүй бол эгүүлэн татдаг өөрчлөлт хийсэн. Гэтэл чуулганы хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэр бүхий гишүүд намрын чуулганыг тасаллаа шүү дээ. Ажлаа хийж байгаа гишүүд нь хохироод улс төр, популизм хийсэн нөхдүүд нь хожоод байж болохгүй.

Чуулганы хуралдааныг сунгаж хуралдуулах талаар нэг бус гишүүний саналыг сонссон. УИХ-ын чуулган Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн хүссэн үедээ таслаж байдаг, хэн нэгэн хүн хүссэн үедээ сунгаж байдаг асуудал биш.

-Энэ намрын чуулганаар 13 хууль тогтоомж хэлэлцэх байсан ч тавыг нь л хэлэлцсэн байна. Тэгэхээр хэлэлцэж амжаагүй үлдсэн асуудлуудыг хаврын чуулган болтол хойшлуулах юм уу?

-Хуульд нээлтээ хийх, хаалтаа хийх өдрийг тодорхой хуульчлаад өгчихсөн. Монгол төрийн ажил улс төрийн сонирхлоор явахгүй. Хууль дүрмийн хүрээнд л явах ёстой. Хариуцлага хүлээх хүмүүс нь хариуцлагаа хүлээнэ биз. Хэрвээ асуудлаа ярих гэж байгаа бол хуулийн хугацаанд нь асуудлуудаа шахаад явах хэрэгтэй. Маш олон хууль хэлэлцээд явах хугацаа байхад ямар ч үр ашиггүй өнгөрөөдөг. Хэрвээ шахаад хуралдвал үлдсэн асуудлуудаа хаврын чуулганд багтаад хуралдах бүрэн боломжтой.