Нийтийн тээвэрт 1200 цахилгаан автобус нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
“Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобус нэвтрүүлэхийг дэмжлээ. Энэ хүрээнд долоон дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто бааз байгуулан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гурван авто баазыг шинэчлэхээр төлөвлөж байна.
Замуудыг өргөтгөн хотын замын хөдөлгөөнд өдөрт оролцож байгаа 300 орчим мянган тээврийн хэрэгслийн тоог 150-200 мянга хүртэл бууруулж, энэ хэрээр түгжрэл, осол зөрчлийг багасгах боломж бүрдэх юм.
Төсөлд 854 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд концессоор хэрэгжүүлэх учир Засгийн газар ямар нэг санхүүжилт, баталгаа гаргахгүй. Төслийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.
Хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус ашигласнаар 1046 автобусны жилд ялгаруулдаг хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор арилж, агаарын чанар сайжрана гэж тооцоолж байна.