С.Чинзориг: Өнгөрсөн 3 жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн
2019.01.30

С.Чинзориг: Өнгөрсөн 3 жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  (2019.01.29) хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээллийг сонслоо. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг хөнгөлөх талаар авсан арга хэмжээг тодруулахын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа зээлийн хэмжээ болон, цаашлаад тус сангийн зээлд хамруулах иргэдийн тоог  нэмэгдүүлэх эсэхийг илүүтэй тодруулж байлаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариултдаа,

Өмнөх Засгийн газрын үед ахмад настны тэтгэврийн 6 сар хүртлэх зээлийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоны дараа тэрхүү 6 сарын хугацаатай зээлийн  хугацааг нэг жил болгож, хүүг 12 хувь болгосон.

Энэ оны 01 дүгээр сарын 16-наас  эхлэн жилийн хугацаатай зээлийн хүүг 10  хувь болгосныг онцлохын зэрэгцээ цаашдаа ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг дурдаад  өнгөрсөн гурван жилийн дунджаар ахмад настны тэтгэвэр 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас  жижиг аж ахуйн нэгжид 20 хүртлэх сая төгрөг, иргэнд 10 сая төгрөгийг, ур чадварт түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд 3-5 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд 3 жилийн хугацаатай, хүүгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Харин Ажлын хэсгийн зүгээс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд жижиг зээл олгох, мөн 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй, санхүүгийн дэмжлэг олгох гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сангаас 2019 онд 3000 гаруй жижиг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамруулан Хаан, Голомт, Төрийн банкаар дамжуулан 34.8 тэрбум төгрөгийн зээл гаргахаар төлөвлөсөн.

Мөн 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг 35 -аас дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчин өрх зэрэг зорилтод бүлгийн 3000 гаруй хүмүүсийг хамруулан 19 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор төлөвлөж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.