Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье.
МЭНДЧИЛГЭЭ
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд алба хааж, ажиллаж буй генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч, чөлөөнд байгаа ахмад буурлууд, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй шороон нохой жилд батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажлын хүрээнд “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хуулийг шинээр батлуулж, “Дайчилгааны тухай”, “Улсын нисэхийн тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг, Засгийн газрын тогтоолоор “Цэргийн гэрээт алба хаах журам”, “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”, “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам, “Алслагдсан анги, салбарын жагсаалт”-ыг тус тус шинээр батлууллаа.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт хариуцлагын тогтолцоо, иргэний болон мэргэжлийн хяналт, шалгалтыг үр дүнтэй боловсронгуй болгох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлэж, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг эхлүүлж байна.
Айлчлан ирж буй шороон гахай жилд улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангахад чиглэгдсэн төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, хяналтыг эрчимжүүлэх үндсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Цаашид ч эрх зүйн шинэ орчны хүрээнд, тавигдаж буй шаардлагад нийцүүлэн улс орны батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, албан хаагчдынхаа албаны өсөлт, дэвшилт, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэх болно.
Цагаан сар бол төрт ёс, зан заншлаа хүндлэн дээдэлдэг түүхэн уламжлалтай, өтгөс буурлаа хүндэтгэж, буян ерөөлийг нь сонсдог ухаан бэлэгт монголчуудын минь өвлийг өнтэй давж, урин дулаан хаврын улиралтай учран золгосны баяр билээ.
Угтан золгож буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилд улс орны маань батлан хамгаалах чадавх улам нэмэгдэж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөж дэвшүүлж байна.