2019.02.12
Иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох ажлын талаар асуулга тавив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.
Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор дэмжих зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын чуулганд танилцуулахыг хүссэн байна. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах чиглэлээр гаргасан шийдвэр, уул уурхайгаас олсон орлогоос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авахад зарцуулах боломж бий эсэх талаар тодорхой мэдээллийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсчээ.