Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ
Өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар болон бусад албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган БХБЯ хариуцаж ажиллаж байна. Энэхүү томоохон төслийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхлүүлж байгаа ба төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Нээлтийн үйл ажиллагаа ирэх сарын 1-ний өдөр болно. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Түүнчлэн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр тусгасан. Энэ ажил дан ганц БХБЯ хийгээд хүчрэх зүйл биш. Талуудын оролцоо маш чухал. Нийслэлийн зүгээс бидэнд бүхий л талаас туслаж, дэмжиж ажиллаж байгаа их баяртай байна.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 143 ажилтантай хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голруу нийлүүлж байгаа аж.
Сүүлийн үед нийлүүлэгдэж байгаа бохир усны хэмжээ болон бохирдлын хэмжээ нэмэгдсэн, бохируудлагч үйлдвэрүүд нь урьдчилсан цэвэрлэгээ хийгээгүй өндөр бохирдолтой усыг төвлөрсөн шугаманд нийлүүлдэг, лаг бүрэн боловсруулах технологийн дамжлагагүй бөгөөд лагийг задгай талбайд хатаадаг нь үнэр ялгаруулах гол эх үүсвэр болж байгаа талаар албаныхан энэ үеэр хэлж байлаа.
Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор дээрх бүх асуудлууд шийдвэрлэгдэх юм байна.