Цэргийн штабын дарга нарын цугларалт Орхон аймагт болов
2019.02.20

Цэргийн штабын дарга нарын цугларалт Орхон аймагт болов

Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт энэ сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Орхон аймагт боллоо. Уг цугларалтыг БХЯ, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран орон нутагт анх удаа зохион байгуулснаараа онцлог байв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цугларалтын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ

"Орон нутагт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд цэргийн штабууд голлох үүрэгтэй, ялангуяа "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль" батлагдсантай холбогдуулан 2019 оны эхний хагаст багтаан аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулж батлуулах ёстой" гэдгийг онцлоод аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.

Цугларалтаар орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, зорилтын хэрэгжилт, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудын 2018 оны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, 2019 онд дэвшүүлсэн зорилго, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн шинээр батлагдсан "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль"-ийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, сургалт бэлтгэл, удирдлага, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, харилцан туршлага солилцож, тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт боллоо гэдгийг сургалтад оролцогсод онцолж байв.