Архангай аймаг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн анхны бөгөөд цор ганц аймаг боллоо
"Элэгний эмгэггүй Архангай" төслийн багийн хамт
2019.02.27

Архангай аймаг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн анхны бөгөөд цор ганц аймаг боллоо

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилга УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр "Элэгний эмгэггүй Архангай" төслийг Архангай аймагт хэрэгжүүлсэн.

Төсөл амжилттай хэрэгжиж, төслийн багийн зарим төлөөлөгчид Филиппин улсад Олон Улсын хуралд амжилттай оролцоод ирсэн байна.

Олон улсад өндрөөр үнэлэгдэж, анагаахын судлаачдын анхааралд орсон байна. 3000 гаруй хүнийг элэгний вирусаас салгаж, 50 орчим хүнийг хавдрын аюулаас сэргийлж чадсан энэхүү төслийн дүнд Архангай бол "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн анхны бөгөөд цор ганц аймаг боллоо.

Төслийг 2016 оны аравдугаар сард эхлүүлжээ. Тус аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хорт хавдар бичигддэг юм. Сүүлийн зургаан жилд архангай аймагт хорт хавдрын улмаас бүртгэгдсэн нас баралт  мянган хүн амд 11-15 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин хавдрын өвчлөлийн нэгдүгээрт элэгний хавдар бичигдэж байжээ

Элэгний архаг үрэвсэл өвчлөл 2013 онд 26 бүртгэгдсэн бол ердөө гуравхан жилийн дараа 84 болж огцом нэмэгджээ. Түүнчлэн аймгийн хөдөлмөрийн насны нийт хүний 19.8 хувь нь элэгний хатуурлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг ерөнхий үзүүлэлт гарчээ. 

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн нэгдүгээр шатанд аймгийн 40- 65 насны нийт 21700 иргэнийг богино хугацаанд илрүүлэг шинжилгээнд хамруулжээ.