Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Южно Сахалинск хотод ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, "Азийн хүүхдүүд 2020" спортын наадмын зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Южно Сахалинск хотод ажиллаж байна.
Южно-Сахалинск хотод зохион байгуулагдаж буй "Азийн хүүхдүүд" өвлийн спортын анхдугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн уулийн цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккей зэрэг өвлийн спортын төрөлд 14 тамирчин оролцож, олон улсын тамирчидтай хурд хүчээ сорьж байна.
Албаны төлөөлөгчид (02.08) ОХУ-ын спортын сайд, (туялзуур сэлэмний) Олимпийн хошой Аварга П.А.Колобковтой уулзаж, спортын чиглэлд хамтран ажиллах, тамирчдын бэлтгэлийг хамтран хийх зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Төлөөлөгчид Монгол Улсын төрийн далбааг өргөх ёслол, "Азийн хүүхдүүд" өвлийн спортын анхдугаар наадмын албан ёсны нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа нийт баг, тамирчиддаа амжилт хүсье.