Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумдад хэрэгжиж байгаа бөгөөд дээрх сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулж, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, дадлагажуулах зорилготой юм.
Төслийн хүрээнд 30,000 австрали доллар буюу 55 сая төгрөгийн үнэ бүхий ой, хээрийн гал түймэр унтраах зориулалтын 9 төрлийн 120 ширхэг багаж хэрэгслийг Сэлэнгэ, Хэнтий аймагт хүлээлгэж өгнө.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт болон төсөл хэрэгжиж буй сумдад хуваарилагдсан гал унтраах багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Ингэснээр Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гишүүд багаж хэрэгслээр хангагдаж, гамшигтай тэмцэх чадавх дээшиллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.