УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгөх төхөөрөмж бэлэн болжээ
Өнөөдөр /2019.03.18/ УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулган 14 хоногийн хугацаанд хуралдаж 8 асуудал хэлэлцэх хуваарь батлагдсан. Ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын чуулганы танхим дахь гишүүдийн ширээн дээр нэгэн шинэ зүйл байсан нь хурууны хээ унших төхөөрөмж байлаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, сахилга баттай, хуралдаандаа цагтаа ирдэг, өөрийн биеэр хуралдаанд оролцож санал өгдөг, хэн нэгний өмнөөс кноп дарахгүй байх буюу ард түмний олгосон бүрэн эрхийг өөрөө л эдэлдэг байх нөхцөлийг бүрдүүлж хурууны хээгээр бүртгүүлэх тухай заалт оруулсан.
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт
Үүний дагуу техник технологийн судалгаа, шинэчлэлийн ажлууд хийгдсэн бөгөөд сарын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухай хэлсэн. Тэрээр “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээрээ, саналаа мөн хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ.” Гэсэн нь ийнхүү ээлжит бус чуулганаас эхлэн ажил хэрэг болж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ирц