“Хөшиг яраад хаячихлаа.өнөөх чинь”..
Санаанд оромгүй зүйл. Хамгийн хатуу, хөтүү эр гэж бодож байсан "Женко" Х.Баттулга өчигдөр "Ардчилсан нам минь сэрээч ээ" хэмээн тэсэлгүй дуу алдлаа. Наймаачин, бөх гэх мэтээр түүнийг улс төрөөс аль болох холдуулж ойлгох гээд байдаг хүмүүс хүртэл ангайж хоцров. АН-ын гишүүдийг, бас нийгмийг удтал хүлээлгэсэн ҮЗХ-ний хурал өчигдөр ийн ширүүхэн уур амьсгал дунд болж, сэтгүүлчдийг танхимаас хөөж гаргах дээрээ тулсан хэрүүл, шуугиантай болов. Х.Баттулга сайд хурлын уйтгартай хөтөлбөрийг "самарч", намынхаа удирдлагыг, бас энэ засаг төрийн болж, бүтэхгүй байгаа бүхнийг энэ үеэр уудлан гаргалаа. Сайд дарга нар "Хөшиг яраад хаячихлаа. Өнөөх чинь.." гэж сандралдахаар мэдээлэл ч дэлгэв. Ер нь засаг хавиар юу болдог.
Тэрийгээ яаж нууцалдаг болохыг зах зухаас нь түүний үгнээс ард түмэн сонслоо. Мөн засгаас АН гарах шийдвэрийг ганцаараа гаргасан хэмээн ҮЗХ-ний хурлыг удирдаж суусан намын даргаа ч мань хүн хатуухан шүүмжилсэн юм. "Ардчилсан нам бол Хойд Солонгосын нам биш шүү" гэсэн үг нь удахгүй болох парламентын сонгууль хүртэл тус намд нэн хамаатай, үнэ цэнээ алдахааргүй тодорхойлолт байлаа. Намын даргынхаа суудлыг энэ удаа нааш, цааш болгохгүй байхаар хурлын төгсгөлд шийдвэр гаргасан тус намынхны хувьд энэ үг ирэх хаврын шилдэг афоризм ч болж мэдэх юм. "Шинэ бүтээн байгуулалт", "100 мянган орон сууц" зэрэг нэг бус хөтөлбөр, төмөр замын бодлого юунаас болоод урагшлаагүйн шалтгаан, Засгийн газар бүхий л бүтцээ ашиглаж хувийн компанийн ажлыг гэрээгээр хийдэг болсон тухай тэр зоригтой дуугарлаа. Бүрэн эрх нь хэвээр байхдаа ингэж хурцхан шүүмжлэл өрнүүлсэн сайд Монголд хэзээ, хэн байлаа. Хурлын танхимыг тэр чигт нь унтуулах дөхсөн АН-ын бусад сайдуудын тайлангаас "Намын дарга болохын тулд бус, намынхаа төлөө энэ бүхнийг ярьж байгаа юм, зөв ойлгоорой" хэмээн үгээ дуусгасан түүний даацтай шүүмжлэл энэ удаагийн ҮЗХ-ний хурлын хамгийн содон сюрприз байв.