Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад салбар хоорондын уялдаа чухал
“Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗГХЭГ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон салбарын эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар төрөөс баримталж буй бодлогыг сонсож, тулгарч буй асуудлаа хэрхэн даван туулах талаар хэлэлцсэн юм.
Н.Цэрэнбат: Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр онцгой анхаарч байна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ
"Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 улсын тоонд ордог бөгөөд нийт хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Тиймээс Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр онцгой анхаарч байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын бодлого, зохицуулалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцдаг бөгөөд үндсэн чиг үүргийнхээ дагуу үндэсний хөтөлбөр болон олон улсын конвенц, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор салбарын яамд, агентлаг, холбогдох талуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, бодлого, зохицуулалтыг сайжруулах, уялдааг хангах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, ногоон санхүүжилтийг бий болгох, чадавхижуулах чиглэлээр бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтын ажиллагааны олон болон хоёр талт механизмын хүрээнд идэвхитэй хэрэгжүүлж байна. Эдгээр хүчин чармайлтын зэрэгцээ та бидний ажилд зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд ч цөөнгүй байна.
Ялангуяа алсыг харсан тогтвортой хөгжлийн бодлого, харилцан уялдаатай хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг оновчтой тоймлож нэгдэн бодлогын хүрээнд хамтран ажиллах талаар салбаруудын идэвхи, оролцоо нэн чухал байна.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлэх, тогтвортой мал аж ахуйн менежментийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг сааруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг асуудалд салбарын яамд, холбогдох агентлаг, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарал багатай, тогтвортой хөгжил рүү эргэлт буцалтгүй шилжиж байгаа учир Монгол Улс нэгэн адил эдийн засаг, нийгмийн бүх түвшинд эрс шинэчлэлийг авчирсан ногоон, тогтвортой хөгжлийн тогтолцоо руу шилжих өөрчлөлтийг цаг алдалгүй хийх нь чухал болоод байна.
НҮБ-ын Уур амьсалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос гаргасан тайланд дэлхийн дулаарлыг хязгаарлахад бидэнд ердөө арваад жил үлдээд байгаа талаар дурьдсан ба уг тайланд орсон баримт, мэдээлэл дэлхий дахинаа аюулын харангыг дэлдээд байна. БОАЖЯ нь тус байгууллагатай хамтран “1.5°C – Бидэнд хугацаа байна уу” сэдэвт арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж, тайлан бичсэн олон улсын мэргэжилтнүүдээс шууд мэдээлэл авах боломжтой” хэмээсэн юм.
НҮБ-ийн Уур амьсгалын конференцийн хурлаас 2015 онд баталсан “Парисын тунхаглал”, Польшийн Катовиц хотод өнгөрсөн онд болсон НҮБ-ийн Уур амьсгалын конференцийн 24 дүгээр чуулганаас гаргасан баримт бичиг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэндийн талаар гаргасан удаа дараагийн тайлан, илтгэлүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий нийтийн өмнө цаашид тулгарч болох байгаль цаг уур, хүний эрүүл мэндийн олон талын асуудлыг хөндөн тавьж, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаар бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахыг уриалсан. Монгол улс ч дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж, Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг УИХ-аас 2011 онд батлан гаргаж, уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал илтгэл тавих үеэрээ онцолж байлаа.