Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад албан ёсны айлчлал хийж байна
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайдын Зөвлөх Ц.Сүхбаатар, Яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж нар багтаж байна.
Сайд Ц.Даваасүрэн Британийн парламентийн Нийтийн танхимын гишүүн, Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найт болон Британийн парламентийн Нийтийн танхимын гишүүн Жон Гроган нартай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын эрчим хүчний салбарын онцлог, өнөөгийн байдлын талаар санал солилцлоо.
Монгол улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Филдтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав. Дээрх уулзалтуудад Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Зөвлөх Л.Мөнхдэмбэрэл нар оролцлоо.
Айлчлалын хүрээнд Сайд Ц.Даваасүрэн нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Алайн Пильют болон бусад удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарт тус банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар болон төсөл хэрэгжүүлэхэд үүсээд буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэх гарц, гаргалгааны талаар нухацтай ярилцсан чухал уулзалт хийлээ.
Түүнчлэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон айлчлалын багийн бусад төлөөлөгчид Монгол Улсынэрчим хүчний салбарт эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг технологи, инноваци нэвтрүүлэх талаар туршлага судлах, хөрөнгө оруулалт, худалдааны боломжийг сонирхон Британийн Эрчим хүчний сүлжээний холбооны удирдлагууд болон олон улсын эрчим хүчний үйлдвэр компанийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах санал солилцсон юм.