ITM–2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо
Олон улсын аялал жуулчлалын "ITM 2019" үзэсгэлэнг өнгөрсөн сарын 29-31-ний өдрүүдэд "Мишээл Экспо" төвд зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ы аялал жуулчлал, тээвэр, үзвэр, үйлчилгээний 300 гаруй байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулав. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад, дотоод зах зээл дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээ хийх, туршлага солилцох боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцсон юм.
Тэрбээр аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан болон хосолсон эдийн засгийн чөлөөт бүс Улаанбаатарт байгуулах санаачилга гаргасан бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр “Улаанбаатар хотын ойрын хугацааны эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуучлалын салбар байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбар Улаанбаатар хотын эдийн засгийн хөрсийг эрүүлжүүлэхэд чухал үүрэгтэй. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд Засгийн газар 29 дугаартай тогтоол гаргасан. Тус тогтоолоор Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж бий, эсэхийг судлах үүргийг Барилга, хот байгуулалтын яам болон хотын удирдлагад өгсөн. Улмаар Засгийн газар болон УИХ-аар хэлэлцүүлэх саналын төсөл боловсруулахыг үүрэг болгосон. Миний зорилго бол Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, үүний төлөө хотын хөгжлийн бодлогыг чиглүүлэх явдал. Аялал жуулчлалын салбар Монгол Улс дахь эдийн засгийн бусад салбараас тэргүүлэх салбар болох ёстой. Тиймээс төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ үүнийг бодлогын түвшинд үргэлж дэмжиж ажиллах болно” гэв.